Нуугдсан сувд

Орчин цагийн технологийн дэвшил, хүн төрөлхтний мөрөөдлийн илэрхийлэл болох тэнгэрт тэмүүлэх өндөр шилэн барилга дунд нуугдсан сувд мэт эртний сүм хийдүүд Улаанбаатарт буй.

 

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД (1727 он)

Шашин номлол хориотой байх үед ч лам нарын уншлага, хонх дамар, цан хэнгэргийн дуу тасраагүй Гандантэгчинлэн нь монгол, монгол-хятад, төвөд-хятад хийцийн зургаан сүм болон Бурхан Шашины дээд сургууль, Урлахуйн ухааны дээд сургууль зэрэг байгууллагууд байдаг. Тус хийд нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд бурхдад мөргөж, эргэл мөргөл хийхээр ирсэн олны дунд уусан ороход арц хүжний үнэр хамар цоргино.

Хийдийн хойморт Мэгжид Жанрайсиг бурхан бий. Нас биед хүрсэн, дундаж өндөртэй эр хүний хэмжээсээр наян тохой өндөр энэ бурханыг 1911 оны анх бүтээсэн. Америк жүжигчин, аялагч Мишел Родригез Монголд ирээд энэхүү шүтээнийг үзээд “26,5 метр өндөртэй аварга бурханы хөшөө нь мөргөл, залбирал үйлдэх газар гэхээсээ илүүтэй Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнол, ирээдүйн сайн сайхны бэлгэ тэмдэг болжээ. Монголчууд коммунист дэглэмийг нураасны дараа эрх чөлөөний бэлгэдэл болгон энэхүү хөшөөг босгожээ. Энэ бурхан хүн төрөлхтнийг авран нигүүлсэж, хамгаалж байдаг” гэх сэтгэгдэлээ олон нийтийн сүлжээнд үлдээжээ.

ДАМБАДАРЖАА ХИЙД (1765 он)

Монголын дайнч хийгээд шашинлаг түүх, байгалиасаа нүүдэлчин зөн совингоо алдаж гээгээгүй ч баруун хэв маягийг зоригтой туршигч залуусын хотын төв талбайгаас хойд зүгт найман километр зайд Монголын эртний гурван сүмийн нэг Шашныг бадруулагч Дамбадаржаалин хийд буй. Монголын ахуй, соёлын салшгүй нэгэн хэсэг болох шашны түүхийг зэрвэс хэдий ч ажих боломжийг бүү алдаарай. Хуучин хэрмийн ор дээр барьсан бетон хашаа айлуудын модон хашаатай хаяа залган байдаг. Монгол асар майхны хэлбэрийг шингээн урласан нарийн сийлбэртэй дээвэртэй дааман хаалга олон зуун жилийн түүхийг тээж ирсэн биз ээ. Цагтаа энд 25 сүм дугантай, 5000-6000 лам ном хурдаг байсан гэнэ. Өнөө сүмийн дэг ёсоор овоо тахилгыг бурханы шашины гүн ухааныг лус савдаг, онгодыг шүтэх бөөгийн уламжлалтай хослуулан хийдэг.

ДАШЧОЙЛИН ХИЙД (1890 он)

Зүүн хүрээ Дашчойлион хийд нь төвөд, монгол хийц маягтай, 140 баганатай, зуны улиралд хаяагаа тэлэн томосгож болдог Батцагаан хэмээх цогчин дуган, тавин тохой Майдар бурхан залсан өндөр Майдарын сүм, Дэчингалбын алтан дээвэртэй сүм зэрэг олон тооны гоёмсог сүм, мөн их хүрээний хурал номын 30 газар, мөргөл шүтээний сүм дугануудтай байсан ажээ. Энэ барилгуудыг барихад ганц ч хадаас ашиглаагүй аж. Дашчойлион хийд нь монгол загварын уран барилгын хамгийн том дурсгал юм.

Эдүгээ тус хийд нь 100 гаруй лам хуврагтай, Цогчин, Сахиус, Ганданчойнхорлин зэрэг гурван дугантай. Уламжлалт шашин соёлын мартагдсан зан үйл, дэг жаягийг сэргээн Хүрээ Майдар эргэх, Хүрээ цам харайх зэрэг ёслолуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг тул та энэ хийдийг зорьж очин үзээрэй.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МҮЗЕЙ (1908 он)

XIХ сүүлч – XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулга болсон Чойжин ламын сүмийг төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан 1904-1908 онд барьжээ. Хүрээний уран дархан лам Омбын зураг төсөл, удирдлаган дор Халх Монголын бүх аймаг хошуудаас цугласан 300 гаруй шилдэг урчуудын ур, ухаан шингэсэн гэдэг. Сүм музейд Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж буй бөгөөд энд судалгаа, сэргээн баяжуулалт тогтмол хийдэг.

 

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles