Орчин цагийн Монгол орныг таниулах 10 кино

Маш нууц 2: Байтаг богд

Найман зууны тэртээ дэлхийн хүчирхэг гүрэн байсан Монголчууд 20-р зууны эхэн үеийг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж өнгөрүүлсэн юм. Баатарлаг ард түмний дайчин тэмцэл, уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр олж авсан тусгаар тогтнолын үнэ цэнийг энэхүү бүтээл өгүүлэх болно. Эх орныхоо дархан хилийг алтан амиараа хамгаалсан баатар эрсийн эрэлхэг түүхийг тус уран бүтээлээс үзээрэй.

 

Цагаан хадаг

Монголчууд олон төрлийн спортод авьяаслаг ард түмэн гэдгээ олимп, дэлхийн наадмуудад олонтаа батлан харуулсан билээ. Монгол бол бөхийн орон. Энэ ч утгаараа орчин цагийн бөхийн спортын олон төрлүүдэд амжилт гаргасаар ирсний нэг ялгуун жишээ нь Доржсүрэнгийн Сумьяа юм. Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Сумьяагаас сэдэвчилсэн энэхүү киноноос та Монголын спортын амжилт, алдаа оноог үзэх боломжтой.

 

Хөхөө

Хөхөө шувууны домгоос сэдэвлэн бүтээсэн уг кино нь 21-р зуунд гарсан хамгийн шидээвэр Монгол уран сайхны кино болсон юм. Арт-хаус төрлийн уг киноноос та Монголын хөдөө нутагт амьдарч буй малчин ардын амьдрал, сэтгэлгээний онцлог мөн өв уламжлалаа хэрхэн тээж буй бүхнийг үзэх боломжтой.

 

Хийморь

Монголчуудын соёл, түүхийн салшгүй нэг хэсэг болсон амьтан бол морь билээ. Тиймээс ч монголчууд морио шүтээнчлэн дээдэлдэг ард түмэн. Хийморь уран сайхны кино нь Монголчууд морио хайрлан дээдэлдгийн тод жишээ болсон уран бүтээл бөгөөд 2019 онд үзэгчдийн хүртээл болсон энэхүү киноноос та хүн амьтан хоорондын нандин холбоо, монгол морины соёлын талаар хүлээн авч үзээрэй.

 

Солиот эх

Хятадын уран зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн Солиот эх кино нь 18-р зууны Монгол орныг үзэгчдэд дэлгэн тавьжээ. 18-р зуунд үйл явдал нь өрнөх эл бүтээлээс эх үрийн зөвхөн тэдний дунд л оршин буй ариун харилцааг үзэх боломжтой. Ээжийн тухай бүтээгдсэн Монгол кинонууд дундаас танд энэхүү бүтээлийг дээжлэн хүргэж байна.

 

Ингэн нулимс

Дэлхийн кино урлагийн оргил болсон Оскарын кино наадамд Монгол хүн энэхүү бүтээлээр анх удаа нэр дэвшсэн юм. Уг бүтээл нь эхдээ гологдсон нялх ботгыг эхэд нь буцааж авахуулахын тулд эх ингийг нь хөгжмийн хүчээр уяраадаг тэр л Монгол ёсыг баримтжуулан дүрснээ мөнхөлжээ. Монгол, Германы хамтарсан уг баримтат кино танд говийн малчин ард түмэнтэй танилцах боломжийг олгох болно.

 

Алтан судал 

Орчин цагийн Монгол малчид болон уул уурхайтай холбоотой эмзэг сэдвийг хөндсөн уг бүтээл нь Женевийн кино наадмаас хошой шагнал хүртэж, Берлиний нэр хүндтэй наадмаар нээлтээ хийсэн юм. Д.Бямбасүрэн найруулагчийн уг бүтээлээр орчин үеийн Монгол кино дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжиж буйг үзэж, оюунаа мялаах боломжтой.

 

Алсын удирдлага

Алсын удирдлага уран сайхны кино нь Пусаны кино наадмын “Шинэ давлагаа” төрөлд тэргүүн байрт шалгарсан түүхтэй. Монголын кино урлагийн гол төлөөлөл болсон найруулагч С.Бямбын уг бүтээлээс Монгол Арт-Хаус киног хүлээн авч үзэх боломжтой. Уг бүтээл нь Мельбурний нэр хүндтэй кино фестивальд оролцож шалгаран анхны Монгол кино болсон юм.

 

Од ба Гэгээ

Улаанбаатар хотын залуусын амьдрал, амьд хөгжим, орчин цагийн Монгол залуусын тухай хамгийн үнэн бөгөөд зөв төрхийг энэхүү бүтээлээс үзэх боломжтой. Од болон Гэгээ хэмээх хоёр залуугаар өнөөгийн Монгол залуусыг төлөөлжээ. Залуусын мөрөөдөлдөө хүрэх гэсэн тэмцэл, хичээл зүтгэл, итгэл найдвар, гуниг, баясал бүхнийг та бүхэн “Од ба Гэгээ”-с үзээрэй.

 

Улаан Цэцэг

Улаан Цэцэг нь XX зууны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын талаар намтарчилсан кино юм. Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил тэргүүлж, Монголын зохиолчдын хороог 13 жил удирдсан энэ гайхамшигт түүхэн хүмүүний намтраас Монгол эмэгтэй хүний зориг зүрх, тэсвэр хатуужил, авьяас билгийг үзэхийн сацуу 20-р зууны Монголчуудын амьдралын аж байдал, түүхтэй танилцах боломжтой.

 

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles