Их талаас төрсөн дэлхийн энтэй дуурийн дуучин

Таван зуу гаруй жилийн түүхт дуурийн урлаг, олон зууны түүхтэй театруудын дэргэд балчирхан санагдах ч далан жилийн тэртээ язгуурын нүүдэлчид, Чингис хааны төрсөн нутаг Монгол улсад Дуурь, Бүжгийн Эрдмийн Театр азийн анхны мэргэжлийн театр болон сүндэрлэсэн хачирхам содон, бахдам түүхтэй. Энэ үеэс монголын дуурийн урлагийн цагалбар тоологддог бөгөөд өдгөө “Ламбагуайн нулимс”, “Учиртай гурван толгой” тэргүүт үндэсний, “Чио Чио Сан”, “Богема”, “Тоска”, “Аида”, “Увдист лимбэ”, “Сивиллийн үсчин” тэргүүтэй дэлхийн сонгодог тавь орчим дуурь театрын алтан тайзнаас эгшиглэж байна.

Монголчуудын өхөөрдөн нэрлэдэг “ягаан театр” болон бусад театр, чуулга, оркестрын уран бүтээлчдийг бэлтгэдэг түүчээ СУИС-ийн босгыг 2005 онд эгэл малчны дунд хүү Г.Ариунбаатар алхан орж иржээ. Тал нутагтаа хонио хариулж явахдаа бусад хүүхдийн адил хоолой мэдэн дуулах дуртай байсан тэрээр дуучин болох хүсэл мөрөөдлөө өвөрлөн ирэхэд монголын дуурийн нэрт дуучин, профессор О. Ичинхорлоо тосон авч шавиа болгожээ.

Г.Ариунбаатар оюутан ахуй үеэс Цагдаагийн Ерөнхий Газрын “Сүлд” чуулгад дуучнаар ажилласан бөгөөд 2011 онд Москва хотноо М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдаанд “Шилдэг баритон”-оор шалгаран уралдааныг тэргүүлж, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагналыг хүртжээ. 2014 оноос тэрээр ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоины удирдлага дор хичээллэж тэр ондоо Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын III уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. Дараа жил нь буюу 2015 онд тэрээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны Тэргүүн шагнал (Алтан медаль) болон тус уралдааны Гран-При шагналыг хүртэж үнэмлэхүй амжилт гаргасан юм. Түүний багш Дарима Линховоин энэ тухай “Тэрбээр П.Чайковскийн уралдаанд оролцож гайхалтай амжилт гаргасан. Уралдааны шүүгчид түүний нэгдүгээр шатад дуулахыг сонсоод “Энэ залуу түрүүлэх нь тодорхой боллоо” гэхийг сонсоод Г.Ариунбаатараар бахархаж байлаа” хэмээн дурсан ярьсан байдаг.

Өргөн уудам Орос орны алс дорнодод сэтгэл татам нууц, ид шидээр дүүрэн Байгаль нуураас холгүй Улаан-Үүд хотын Буриадын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт ажиллаж байсан Г.Ариунбаатар зургаан мянга гаруй километрыг туулан оросын умардын нийслэл Санкт-Петербург хотод ирсэн юм. Тус хотын Театрын талбайд Оросын хатан хаан Мария Александровнагийн нэрэмжит 240 жилийн түүхтэй Марийн Театр сүндэрлэдэг бөгөөд тус татрын домогт тайзнаа тал нутгийн эгэл монгол хүү, өдгөө дэлхийн дуучин хэмээн нэрлэгдэх болсон Г. Ариунбаатар зочин дуулаачаар ажиллах болжээ. Энэ хугацаанд суут Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто, “Аида” дуурийн Амонасро, “Трубадур” дуурийн гүн Ди Луна, “Травиата” дуурийн Жорж Жермон, “Бал-маскарад” дуурийн Ренато, хөгжмийн зохиолч Ж. Пуччинигийн “Тоска” дуурийн Скарпиа барон, П.И.Чайковскийн “Пиковая дама” дуурийн Елецкийн дүрийг тайзнаа амилуулсан байна.

П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд гаргасан амжилтаа бататган тэрээр 2017 онд ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутам зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Шотландын дуучин Катриона Морисоны хамтаар тэргүүлсэн юм. Уралдааны шүүгч, дуулах урлагийн нэрт багш Мэри Кинг шувтаргын тоглолтын үеэр Г. Ариунбаатарын дуулахыг сонсоод сэтгэлээ барьж дийлэлгүй уйлсан юм. Тэрээр жинхэнэ утгаараа барууны үзэгчдийг бишрүүлж чадсан юм. Ариунбаатар гэх үзэгдэлийн нууцыг тайлахаар The Guardian сонингийн сэтгүүлч, хөгжмийн шүүмжлэгч Кейт Моллсон түүний төрсөн нутгийг хүртэл зорин өдгөө ч мянганы уламжлал, онгон байгалаа хадгалж чадсан Монгол орныг зорьж монголын баялаг хөгжмийн уламжлалтай “амьд”-аар тулж учирсан тухайгаа нийтлэлдээ бичжээ.

Гуч гаруйхан настай идэр залуу дуучин маань Чингис хааны одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч зэрэг өндөр дээд шагналыг хүртсэн эрхэм хүндтэй нэгэн юм. Тэрээр Москвагийн Большой Театр, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабетийн харш Букингемийн ордон, Лондоны Кадоган холл, Нью-Йоркийн Карнеги Холлд зэрэг алдартай тайзуудыг эзэгнэн дуу хоолойгоо өргөсөөр байна.

Хөгжмийн шүүмжлэгч Кейт Моллсон: “Ариунбаатарын ялалт санамсаргүй тохиолдол биш юм… 2015 онд Кардиффын уралдаанд Монголыг анх төлөөлж оролцсон Энхбатын Амартүвшин финалд шалгарсан бол өнгөрсөн жилийн уралдаанд (2017 он) тенор Батжаргалын Баярсайханы гайхалтай амжилттай оролцсон” хэмээн онцолжээ. Үнэхээр дэлхийн дуурийн тайз дээр монгол дуурийн дуулаачид цөөнгүй. Тухайлбал Г.Ариунбаатарын эрхэм анд, түүнд дуурь дуулах хүсэл эрмэлзэлийг бадраасан Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч, Дэлхийн шилдэг баритоны шагнал Энхбатын Амартүвшин Их Британы Эзэн хааны дуурийн театр, Пармагийн Эзэн хааны театр, Торины Эзэн хааны театр, Хатан хаан Софийн урлагийн ордон театр болон Парис, Москва, Нью-Йорк, Бээжин, Сөүл, Сингапурын нэр хүндтэй тайз дээр гарч ая дуугаа хүргэдэг.

Монголчууд дуулах дуртай, баялаг хөгжмийн уламжлалтай ард түмэн билээ. Бидэнд бусадтай хуваалцах баатарлаг түүх, онгон дагшин байгалаас гадна дэлхийдээ анирдуулах дуу хөгжмийн өв бас бий.

 

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles