Улс, хот болгон өөр өөрийн түүхээр сүндэрлэн босч, тэр онцгой үйл явдлыг хүүрнэн өгүүлэхээр дүнхийн үлдсэн барилгууд биднийг угтах нь бий.
Улаанбаатар хотод ч нүүдэлчдийн амьдралаас суурьшмал соёл иргэншлийн хэв маягт шилжсэний дараахан баригдсан түүх дурсгалын илэрхийлэл болох барилга олон. Түүхэн хэлхээг эргэлдүүлж, дэлхийн сонгодог архитектурын шийдлийг өөрийн уламжлал, өв соёлтойгоо нийцүүлэн тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг бидэнд мэдрүүлэх барилгуудыг хамтдаа сонирхох уу?
Дуурь бүжгийн эрдмийн театр
Монголын орчин цагийн архитектурын шийдэлд неоклассицизмын хийцлэлтэй оргил бүтээлүүдийн нэгэн төлөөлөл юм. Энэхүү барилгыг “ социалист агуулгатай, үндэсний хэлбэртэй барилга” барих цаг үед барьсан учир үндэсний хэв шинж, онцлогийг харж болно. Тухайлбал, морин хуур барьсан эрэгтэй, шилбүүр барьсан хоньчин, бүжиглэж буй эмэгтэй, хамгийн урд талд нь монгол баатрын баримал бий. Театрын хаалганы дээд талд байрлах энэхүү 4 баримал нь тухайн үеийн монголчуудын дүр төрхийг илэрхийлсэн. Мөн үүнээс гадна театрын дотор талыг үндэсний хээ угалзаар чимэглэсэн нь үлгэрийн тансаг орчин гэлтэй тансаг. Энэ бүхнийг тухайн үеийн Монголын орчин цагийн анхны архитектор, барималч, зураачид бүтээж байсан түүхтэй. “Дуурь бүжгийн эрдмийн театр” нь анх “Улсын төв театр” нэртэй байжээ.
Драмын театр
1958-1960 онд Монголын анхны мэргэжлийн архитектур Б.Чимэдийн зураг төслөөр барьсан социалист агуулгатай, үндэсний шинжийг неоклассицизмийн хэв маягтай хослуулан тухайн үеийн залуусын халуун сэтгэлийн хандиваар босгож байсан түүхтэй. 2500 жилийн тэртээгээс хүн төрөлхтний оюуны бүтээл болох энэхүү хэв маягаар дүрслэхдээ, 8 баганад тус бүр морины толгой сийлэн мөнхөлж, Хархорум хотоос олдсон түүхэн үнэт олдвор болох маскыг гадаах чимэглэлдээ ашигласан нь гаднын улсуудын ижил хэв маягтай барилгуудаас ялгагдах гол онцлог билээ. Монголын өв соёл, үүх түүх, онцлогийг архитектур, чимэглэлтэй өвөрмөцөөр хослуулсан нь орчин цагийн хот байгуулалтын үнэ цэнтэй бүтээлийг төрүүлсэн юм.
Монголын үндэсний архитектурын сонгодог өв болох Драмын театрын барилга нь Азийн Архитектуруудын Холбоо (ARCASIA)-ноос гаргасан Тунхаг бичигт заагдсан “баригдаад 50, түүнээс дээш жил болсон, түүхэн он цаг, соёл, урлагийн ач холбогдол, үнэ цэн, ур хийц, дахин давтагдашгүй байдал” зэрэг шалгуурт нийцэж 2010 онд “Азийн архитектурын өв”-өөр бүртгэгдсэн.
Үндэсний төв номын сан
2015 онд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэн авсан.
Үндэсний номын сангийн барилгын зургийг төслийг Оросын архитектор К.П.Логинов, инженер Н.Николаев нар 1946-1947 онд боловсруулж, 1948-1951 онд барьж Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ашиглалтад оруулжээ.
Хийцлэлийн хувьд барилгын дээвэр нь Монгол асрын ерөнхий хэлбэрийг тусган, хамгийн энгийн харагддаг “дори” дэгийн баганаар чимэглэн сүрийг нэмсэн нь харагдана. Энэхүү Төв номын сангийн гадна хаалганы дээд хэсэгт БНМАУ-н сүлдийг хадган дээр байрлуулсан нь тухайн үеийн нийгмийн байдлыг илэрхийлэх мэт. Үндэсний номын сангийн барилга нь дотоод орон зайн төлөвлөлтийн хувьд маш өвөрмөц шийдэлтэй, нүүрэн талдаа сүрлэг олон баганатай, классицизмын төлөөлөл болсон дурсгалт барилга юм.
1946-1960 оны хооронд баригдсан дээрх гурван барилга нь үндэсний архитектурын түүхийн хөгжлийг харуулсан классицизм, неоклассацизм төлөөлөл, манай орчин цагийн архитектурын анхны бүтээл, Монголын архитектурын үнэт өвд зүй ёсоор тооцогдох бүтээлүүд билээ.
Кинотеатрын зориулалттай анхны барилга
Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу кино театрын зориулалтаар барьсан анхны барилга юм. Барилгын зураг төслийг 1945-1946 онд инженер Климов зохиож, барилгыг 1948 оны 07 дугаар сарын 08-нд ашиглалтад оруулжээ. Кино театр нь 9700 м.кв талбайтай, 400 гаруй хүний суудалтай кино танхим, доод давхардаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай 3 давхар барилга юм. 1991 оноос энэхүү барилгад Монголын хөрөнгийн бирж байрлаж үйл ажиллагаа явуулж байна.
Сонирхуулахад, 1958 онд ЗХУ-ын Уфа хотын “Ялалт” кино театрыг энэ зураг төслөөр барьжээ.
Гадаад хэргийн яам
1947 оны 10 сард одоогийн ГХЯ-ны байр /төв хэсэг/ ашиглалтад орсон. Гадаад хэргийн яамны барилгын хараа булаам хэсэг бол яах аргагүй гадна талд сүндэрлэх 44 багана билээ. Эртний уран барилгуудын гол хэв маяг буюу дэгийг илэрхийлэх сүрлэг өндөр баганын алтан шаргал чимэглэл нь сонгодог агаад өвөрмөц. Тус байгууламжийн баганын “ионик” дэг нь эмэгтэйчүүдийг бэлгэддэг гоёмсог өнгөлөг мушгиа хийцлэл, шугам шиг тэгш баганаараа таны сэтгэлийг эрхгүй татах биз ээ.