Чингис хаан (1162-1227) нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд аугаа үүрэг гүйцэтгэсэн Их Монгол улсыг үүсгэн байгуулагч, суут улс төрийн зүтгэлтэн, цэргийн аугаа жанжин.
Чингис хаан бол монголчуудын үндэсний эв нэгдлийн бэлгэдэл төдийгүй Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.
Чингис хаан Их Монгол улсыг удирдахдаа иргэний болоод цэргийн хэргийг хамаарах Их засаг хуулийг баталсан. Их засаг хууль нь хааныг хүртэлх бүхий л түвшний үйл хэрэгт хүчин төгөлдөр үйлчилдэг хамгийн дээд хууль байв. Энэ хуулинд мөн гадаад харилцаа, улсын их хуралдай, иргэний хэрэг болон бусад олон юмсыг тусгасан байв. Их Монгол Улс хөрш зэргэлдээх улсуудтайгаа албан ёсоор холбоотой байсан төдийгүй найрамдлын гэрээ байгуулсан байжээ. Чингис хаанаас уламжилсан хамгийн чухал зүйлийн нэг нь улс болоод хүмүүс хоорондын нэгдлийн тухай үзэл санаа байв.
Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний үндэс суурийг нь тавьсан Монголын эзэнт гүрэн нь бие биеэс тусгаарлагдмал байсан Өрнө, Дорныг холбосон юм. Өөрийн захиргаанд байсан улс орнуудын хооронд эдийн засаг, соёлын харилцаа солилцоо чөлөөтэй явагдах нөхцлийг хангаж чадсанаар дэлхий дахины түүхэнд урьд хожид байгаагүй шинэ үеийг нээж, хөгжлийг түргэтгэсэн билээ.
Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн нь дэлхий дахиныг нэгдмэл нэгэн цогц болгож, улс орнууд харилцан чөлөөтэй худалдаа арилжаа хийх, соёлыг харилцан дэлгэрүүлэх, ямарваа шашныг чөлөөтэй шүтэх бололцоо олгосон нь өнөө цагийн хүний эрх, эрх чөлөө, даяарших үйл явцын эхийг тавьсан гэж хэлж болноЧухамхүү Монголын эзэнт гүрний үед дэлхий дахинд энх амгалан байдал тогтож, дундад зууны хөгжлийнхөө оргилд хүрсэн бөгөөд үүнийг түүхэнд “Монголын энх” буюу “Pax Mongolica” хэмээн нэрлэдэг. Тийм ч учраас “Вашингтон пост” сонин 1995 оны 12-р сарын 31-ний өдрийн дугаартаа Чингис хааныг “Хоёрдогч мянганы суут хүн”-ээр шалгаруулжээ.