Ярилцлага: Зураач М.Эрдэнэбаяр

Адууны соёл нь язгуурын монгол соёл билээ. Зураач М.Эрдэнэбаярын бүтээлийн үндсэн сэдэв морь агаад тэрээр адууны соёлоор дамжуулан монголчуудын сэтгэлгээний өвөрмөц ахуйг илэрхийлэн гаргадаг контемпорари уран бүтээлч юм.

М.Эрдэнэбаяр Яриа: Би нэг жуулчинд хэлж байсан юм. Монголд очоод би юу үзэх вэ? Гэхэд нь: -Ээрэм талд сайхан өвсөн дээр хэвтээд нүд алдсан талыг хараад суух хамгийн гоё нь гэж. Миний хувьд уран бүтээлээ хийж эхэлж байсан цаг үед Монгол орны дахин сэргэсэн, нийгмээрээ эргэсэн, хаалттай ертөнцөөс гарсан, өөрөө өөрийгөө таних гэсэн, гуйвсан түүхээ эргүүлж харсан, Би хэн бэ? гэсэн том асуулт тавьсан цаг үе таарсан.  

Монголын соёл морьтой маш их холбоотой. Тэрийгээ хожим өөрийнхөө хийж буй гол дүрсэн дээр, эргэн тойрныхон “Яагаад морь гэж?”  их асууна. Морийг судална, сонирхоно гэдэг нь өөрөө тэр чигтээ Монголын соёл урлаг юм билээ. Хурдан морь, сайхан морь хараад сэтгэл нь хөдлөхгүй монгол хүн гэж байхгүй л дээ. Ер нь манай Монголын урлаг морьтой холбоотой маш баялаг, том соёлыг үлдээсэн байдаг. Тэр болгон нь эргүүлээд уран бүтээл хийх хөшүүрэг болж байдаг. Би уран бүтээлчийнхээ хувьд энэ монгол гэдэг ард түмний өнгөний сонголтыг их боддог л доо. 

Дээл хувцас, гэр орон, сүм хийдийн гоё гэсэн болгонд дулаан, тос даасан өнгөнүүд дээр таашаал нь харагдаж байдаг. Тэр болгон миний бүтээлийн өнгө, хэллэгт нөлөөгөө өгөөд байдаг. Ер нь бол урлагийн бүх төрөл адилхан байдаг. Илэрхийлж байгаа хэлбэрүүд нь л өөр болохоос. Ер нь бол жамаараа юм байна лээ. Барууны уран бүтээлчдийг харж байхад зураач нар нь барималчид болдог, барималчид нь өнгө дүрсээр илэрхийлж байдаг тэр л жамаар. Хуучин бол уран бүтээлчид төрөлждөг байсан бол өнөөдөр орчин үед хүмүүс их хурдтай, мэдээлэл ч гэсэн хүртээмжтэй болчихсон. Тийм учраас уран бүтээлчид ямар л бол ямар төрөл рүү сэдвийн хувьд хазайхгүй, илэрхийлэл нь л өөр байгаа. 

Бас энэ орчин үеийн контемпорари урлаг гэдэг илүү их эрх чөлөөтэй. Ерөөсөө ямар ч байж болно, юугаар ч юуг ч хийж болно. Хүмүүсийн сэтгэлгээ хүртэл өөрөө конттемпорари болчихлоо. Нэг хэвийн биш нийлмэл зүйлд хүмүүс их татагддаг. Тэр бүхэн уран бүтээлчдэд ч адилхан нөлөө үзүүлж байгаа. Өнөөдөр морины хэрэглээ нэг талаараа байхгүй болж байна. Гэхдээ Монгол хүн хэзээ ч мориноосоо холдохгүй. Монгол хүн битгий хэл, дэлхий олон орнуудаар үзэсгэлэн гаргаад явж байхад бол улс орон хөгжих тусмаа морьтой бүр илүү их холбогдож байдаг. Хотжих тусмаа морин тойруулга, морин уралдаан гээд . Морь бол ерөөсөө хүн байгаль хоёрын дунд байдаг амьтан. Хамгийн сайн холбогч нь гэж бодогдмоор.

 Монголд Занабазарын музей гэж дэлхийн хаана ч байхгүй сайхан музей байгаа. Ялангуяа Монголын 20-р зууны, буддизмийн соёлын хамгийн нандин зүйлүүд хадгалагддаг. Гаднаас нь харахад жижигхэн байж болох боловч маш том музей. Тэгээд дээр нь манай уран зургийн галерей гээд музей байна. Тэр бол 20, 21-р зууны Монголын уран бүтээлчдийн үүх түүхийг яг тэр чигээр нь хадгалсан сан хөмрөг байна. Гадаадад явахад өөрийн гэсэн өвөрмөц төрхөө алдаагүй ард түмнүүд л хамгийн сонирхолтой байдаг. Тийм газрууд л хамгийн сайхан дурсамж үлдээдэг.

Манайх бол хотоосоо гараад тавхан минут яваад хөдөөтэй золгочихдог сайхан онцлогтой. Богд уулын аль нэг жижигхэн захын толгой дээр гарахад сайхан байдаг. Өвсөн дунд хэвтэж байх сайхан. Их уулсын дунд байгаа нь сүрлэг харагддаг. Гэр хорооллын хашаагаа барьсан, хашааны хаалга дээрх хээнүүд, амьтдын зургууд сонирхолтой байдаг. Би хүүтэйгээ хоёулаа баахан зураг авч явж байлаа. Тэгээд зэвтэй төмрүүдээр зүйчихсэн гудамжнууд нь бас гоё шүү. Миний бүтээл бол монгол хүний, өнөө цаг үеийнх. Би сэтгэл зүрхээ өгөөд бүтээсэн болохоор миний бүтээлээс гаднынхан Монголыг хараад байдаг юм “. 

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles