Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа амьтан, ургамал, эрдсийн гаралтай байгалийн нэгдэл хэргэлж ирсэн нь өдгөө анагаах ухааны үндэс, соёлын чухал хэсэг болжээ. Дорнын иргэншилт Хятад, Энэтхэгт 5000 жил, өрнийн анхны иргэншлүүд болох эртний Грек, Ромд 2500 жилийн тэртээ байгалийн нэгдлээр эм тан бэлтгэж ирсэн түүхтэй. Харин монголчуудын дээд өвөг хиян овгийнхон 5000 жил, хүннү нар 2200 жилийн тэртээгээс тан барьж ирсэн уламжлал өдгөө ч хадгалагдан үлджээ. Энэ тухай бичгийн эх үүсвэр байдаггүй ч, археологийн олдворууд хангалттай бий. Ингээд мянганы турш нүүдэлчдийн эрхэмлэн ирсэн байгалийн увдист гурван хүнсний тухай онцлон хүргэе.

 

ХААН УРГАМАЛ: ХУНЧИР

Монгол хунчир нь дорнын анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг хүн орхоодойгоос эмчилгээний шинж чанараараа хувь илүү нь шинжлэх ухааны олон туршилтаар нотлогдсон нэн ховор ургамал юм. Өнөөдөр монголчууд уг ургамлыг тарьж ургуулан хэрэглэж байна. Хунчир нь дархлаа сэргээх, чихрийн шижинг илаарьшуулах, хавдрын өсөлтийг саатуулах, цус шингэлэх, биеэс хор зайлуулах, залуужуулахаас гадна үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээ үзүүлдэг гайхалтай ид шидтэй.  

Угааж цэвэрлэсэн хунчрыг шөлтэй хоол, цайнд чанаж хэрэглэхээс гадна ус, шөл, сүү эсвэл архинд хандалж уух нь түгээмэл байдаг. Алдарт сүүтэй цайгаа хунчраар баяжуулан хэргэлдэг байсан уламжлалаа монголчууд сүүлийн жилүүдэд сэргээжээ.

 

ХААН ҮНДЭС: АЛТАНГАГНУУР

Дэлхий дахинаа алтан үндэс хэмээн алдаршсан алтан гагнуур нь бие махбодыг сэргээж, сэтгэлийг эмчилж, оюуны чадавхыг дээшлүүлэн бие, сэтгэлийг анагаах увдистай. Эрт үеэс чихрийн шижин, уушгины өвчлөл, ясны сийрэгжилт, ясны бэртэл, шархдалд, сэтгэц болон сэтгэлийн шалтгаант эмгэгүүд, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг зэрэг олон төрлийн өвчнийг илаарьшуулахад тус ургамлыг ашиглаж ирсэн уламжлалт түүхтэй.

Алтангагнуурыг мөн л усанд буцалгаж эсвэл архинд хандалж хэрэглэх нь түгээмэл байдаг. Өнөөдөр ч эгэл монгол айлд хандалсан алтангагнуур хадгалаастай байвал гайхах хэрэггүй.

ХААН ЖИМС: ЧАЦАРГАНА

Монголын уудам тал, тайга, ой хээрийн бүсэд жар гаруй төрлийн зэрлэг жимс, жимсгэнэ ургадаг. Түүн дотроос хаан жимс хэмээн алдаршсан нь чацаргана юм. Энэ нь ч тохиолдлын хэрэг биш юм. Чацаргана жимсэнд төрөл бүрийн амин дэм, амин хүчил, биологийн идэвхт бодис, органик хүчил, микроэлементүүд ихээр агуулагддаг. Ганцхан жишээ дурдахад гүйцэд боловсорсон чацаргана жимсэнд 50-500мг аскорбины хүчил агуулагддаг төдийгүй чацарганы бутны навч, мөчир  ч С амин дэмээр баялаг байдаг. Тиймээс өнөө ч хүйтэн сэрүүний улиралд монголчууд ханиад, томуунаас сэргийлэх зорилгоор болон эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг. 

Мөн чацаргана нь тос агуулдаг цорын ганц жимс бөгөөд чацарганы тосыг ходоодны шарх, зүрх судасны өвчин, түлэгдэлт болон хөлдөлт, ил шархыг анагаахад өргөн хэргэлдэг байна. 

Өнөөдөр монголчууд эртний мэргэд, өвөг дээдсийнхээ эрүүл мэндийн арвин мэдлэгт тулгуурлан монгол орны эмийн ургамлын сор болсон дээрх гайхамшигт увдист ургамал, жимсний ашигт шинжийг нь алдагдуулахгүйгээр бэлдмэл, ханд, хандмал архи  болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өргөнөөр үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг монголын хүнсний их дэлгүүр, эмийн сангуудаас худалдан авч болохоос гадна ресторан зоогийн газруудад орцондоо хунчир, алтангагнуур, чацаргана агуулсан хоол зооглож, амтат ундаа, цайг таалан хүртэх боломжтой. 

Монголчуудын уламжлал ёсоор “Энх байж, урт насалж, удаан жаргаарай” хэмээн ерөөе.

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles