Цэрдийн галавын шаварлаг хурдсаас тогтсон эрэг ганга, довцог, дагтаршсан хөрс өглөө, үдшийн наранд өнгө тодрон харагдах нь харь холын гарагт хөл тавьсан мэт. Энд 230 сая жилийн өмнө энэ гарагийн эзэд байсан үлэг гүрвэлийн яс өнөөдрийг хүртэл газар шорооны нэгэн хэсэг болон үлджээ. Заган ой, хаана ч тааралдаж болох гэлээ огт харагдахгүй “нуугдаж” бас чадах үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, ганц шөнийн бороонд амилан өндийх тачир атлаа өнгөлөг ургамал энэ бүхэн зөвхөн говьд л бий. Хэн нэгэн үүгээр явж өнгөрсөн, энд амьдрал буцалж байсныг ул мөргүй болтол дарж чадах говийн салхи, шаргал элс таны хөлийн мөрийг оргүй арчиж орхих боловч аяллын таатай дурсамжийг сэтгэлд тань тамга мэт арилашгүй тодоор үлдээнэ.
Байгалийн хөгжим – Хонгорын элс
Хонгорын элс баруун хойноос зүүн урагш чиглэсэн, хамгийн өргөн хэсэгтээ 27 км, хамгийн нарийн хэсэгтээ 800 метр өргөн, нийт 965 кв.км талбайтай 180 км үргэлжлэх элсэн манхан юм. Хэдэн зуун элсэн манхан толгод хязгааргүй мэт үргэлжлэхийг бүхэлд нь харвал урдуураа хадтай уул, дунд хэсэгтээ ургамалан бүрхэвчгүй, хойд бэлээрээ гол урсаж ногоорсон баянбүрдтэй.
Ширүүн салхитай өдөр энэ их элс эргэн тойрон харагдах бараагүй болж шуурдаг бол тогтуун сайхан нар ээсэн өдөр алтан шар өнгөөр мяралзан харагдах нь байгаль ээжийн бүтээсэн гайхамшиг гэлтэй. Хонгорын элсний хамгийн өргөн хэсэг болох Дуут манханы оройд гарахад байгалийн чимээ тодхон сонсогдож, бэлд нь байгаа машин тэрэг жижигхэн хорхой адил үзэгдэнэ. Элсэн дээр тэрийн хэвтэхэд хаа нэгтэйгээс онгоц шунган орж ирэх шиг тодхон чимээ сонор мялаах бөгөөд энэ нь наранд халсан элс салхины аясаар гулсахад гарч буй анир юм. Тиймээс ч нутгийнхан энэ манханыг Дуут манхан гэж нэрийдсэн биз ээ.
Дүрэлзэж буй цонж – Баянзаг
Өнгөрсөн зууны 20-иод оны үед Амеркийн Байгалийн Түүхийн музейн судлаач Рой Чэпмэн Эндрьюсын ахалсан Төв Азийн шинжилгээний анги үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, хирс маягийн аварга үлэг гүрвэл, тоть хошуут үлэг гүрвэлийн яс зэрэг олдворуудыг олж, говь хэмээх нэрийг дэлхийд таниулсан нь энэ нутгаас эхтэй.
Арц Богдын уулсын хөндийд 8 км сунаж тогтсон Баянзагийн урд талын олон сая жилийн турш салхи бороонд эдэгдэн өнөөгийн дүр хэлбэрээ олсон улбар цонжнуудыг бүртийх үүлгүй тэнгэрийн баруунаа хэвийсэн нарны туяанд харах агшинд өөрийн эрхгүй “улалзан дүрэлзэж асаж байх шиг” гэж дуу алдмаар. Тиймдээ ч энэ нутаг дэлхий дахинаа “асаж буй толгод” гэх нэрээр алдаршжээ.
Лууны булш – Нэмэгт уул
Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ.
Даланзадгадаас баруун тийш 400 километрийн зайтай байдаг Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Нэмэгт уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн ертөнцөд очсон мэт санагддаг. Баянзагтай адил улаан шаварлаг хурдсуудаас тогтсон, уулархаг учраас нэн сүрлэг, өвөрмөц дүр төрхтэй энэ ууланд 1960-1970-аад онд Монголын эрдэмтэд Зөвлөлт, Польшийн эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн удаагийн малтлага зохион байгуулж дэлхийд алдаршсан олдворуудыг олж байжээ. Тус газрын нэрээр Нэмэгтзавр хэмээн нэрлэсэн махчин үлэг гүрвэлийн олдвор бий. Нэмэгтийн хөндий, Нэмэгт уулыг “лууны булш” гэж эрдэмтэд нэрлэх нь бий. Нэмэгтийн хөндийд үл мэдэг манан татсан байх нь борооных биш тоосонцрын манан юм.
Говийн хүрхрээ – Цагаан суварга
Дундговь аймгийн Луус суманд байх эртний хотын балгас, туурь мэт харагдах байгалийн өвөрмөц тогтоц газар бүхий эгц цавчим мөргөцөг Цагаан суварга хамгийн өндөр хэсэгтээ 30-аад метр бөгөөд 400 шахам метр үргэлжилдэг. Гэнэтийн аадар борооны их ус 90 хэмийн эгц налууг даган урсахад асар том хүрхрээ шиг харагдах нь сүрлэг.
Аварга чулуун ой – Их, Бага газрын чулуу
Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой Их газрын чулуу, эргэн тойрондоо талаар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий давхарлан өрсөн мэт хад, чулуун уулын тогтоц Бага газрын чулуу нь зэрэглээ мяралзаж, элс алтарсан, тэмээн сүрэг нь ханайсан говь нутгийн бас нэгэн үзэсгэлэн билээ.
Сансрын сонорт – Уртын дуу
Нүд дүүрэн нулимс мэлтрүүлэн, хөлгүй их далайд хөвөх хөлөг мэт айвуу тайвуухан намбалзан алхах тэмээ шигээ дөлгөөн төрхтэй говийн түмэн салхины аясаар сансарт дүүлэх мэт шуранхайлах уртын дуугаараа хол ойрын зочин, гийчнийг эрхгүй нэг уяраана. Монголын өргөн уудам нутагт амьдран суугаа нүүдэлчид дундаас говийнхон яагаад ийнхүү онцгойрч, тослог цээл хоолойтой болсон юм бол. Сонсож байгаа хүний цээж уужирч, сэтгэл сэргэмээр урт сайхнаар уянгалуулан дуулдаг уртын дуучид чухамдаа энэ говьд төрдөг юм бол? Энэ бүхний тайллыг та уудам говиос мэдрэх биз ээ.
Зүүлт 1: 2014 оны 6-р сарын байдлаар нийт уул уурхайн 2806 тусгай зөвшөөрлийг олгоод байгаа нь нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байгаа аж. Ашигт малтмалын олборлолт хайгуул хийж байгаа компаниуд нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байна.
Зүүлт 2: Элсэн манхан далайн хөлөг онгоц, “эдүгэгийн динозавр” хоёр бөхт тэмээг хөлөглөж үзэх нь говьд заавал хийх аяллуудын нэг бөгөөд элсэн манхнаас сёрфингаар гулгах, үлэг гүрвэлийн чулуужсэн яс, өндөгнүүдийг хайх зэрэг олон сонирхолтой аяллын боломж говьд бий.
Аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас www.mongolia.travel сайтаас авна уу.