МОНГОЛ ОРНЫ ТУХАЙ

Төв Азийн зүрхэнд орших Монгол улс умард зүгт Орос улс, өмнө чигт Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй улс юм. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ алдаршсан Монгол улсын нийслэл Улаанбаатар нь өрнө, дорнын өнгө төрхийг шингээсэн эрс тэс өнгө төрхтэй орчин үеийн саятан хот. Үзэсгэлэнт онгон байгалаараа алдаршсан Монголын талаар бид юу мэдэх билээ.

МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН

Алтайн нуруунаас Хянганы нуруу, Соёны нуруунаас Говь хүрсэн 1,564,116 км² уудам нутагтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 19-т жагсдаг Монголд жилийн 260 гаруй хоногт нь цэлмэг хөх тэнгэртэй тул Мөнх хөх тэнгэрийн орон хэмээн алдаршсан. Түүнчлэн нүүдэлчин монголчуудын Мөнх Тэнгэрээ дээдлэх эртний бишрэл ч ийнхүү нэрлэхэд нөлөөлсөн биз ээ. Монголын асар уудам нутагт 3,3 сая хүн амьдрах бөгөөд хүн амын талаас дээш хувь нь суурин газар амьдардаг ч өнөө хэр нүүдлийн амьдралын хэв маягаараа аж төрөн өвөрмөц ёс заншил, нүүдлийн соёлоо хадгалан үлдсэн монголчууд багагүй.

Монгол нь аялахад хамгийн таатай, аюулгүй орны тоонд багтдаг. Монголын нэн эртний баялаг түүх, соёлын дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрууд, гайхамшигт сүм хийдүүд зорин ирсэн хүн бүрт өвөрмөц мартагдашгүй аяллын дурсамж үлдээдэг хэмээн National Geographic, Lonely Planet-ийн шинжээчид онцлон Монголыг аялахад хамгийн таатай орны арван орны чансаад багтаадаг. Мэдээж өнөө хэр байгальтайгаа шүтэлцээтэй оршдог, эгэл амьдрал нь амилсан домог мэт сэтгэлд тод үлдэх нүүдэлчдийн гүн билэгдэлт ахуй, эрх чөлөөт оршхуй, аливаад нээлттэй уян хатан сэтгэлгээ, зочломтгой найрсаг зан нь зорин ирэгсдийг урин дуудсаар байдаг бизээ.

Монголчуудын 53% нь буддын шашинтан, 39% шашингүй үзэлтэй ба үлдсэн 8% хувь нь бөөгийн, мусульман, христийн болон бусад шашныг шүтэн биширдэг. Иргэдийн дийлэнх нь монгол угсаатнууд боловч казах, тува зэрэг бусад үндэстний цөөнх мөн энд эв найртай амьдардаг.

Орчин цагийн Монгол улс нь парламентын засаглалтай, засаг захиргааны нэгжийн хувьд хорин нэгэн аймаг, нэг нийслэл хот хэмээн хуваагддаг нэгдмэл улс юм. 1990 оноос ардчилсан засаглал, чөлөөт эдийн засагт шилжсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй орны тоонд багтсаар байна. Дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас эдийн засгийн үзүүлэлт нь буурчээ. Монгол улсын голлох эдийн засгийн салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй юм.

Монгол улс нь дэлхийн 193 оронтой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын идэвхтэй гишүүн.

Чингис хааны өлгий нутаг

Мөнх хөх тэнгэрийн Монгол орон хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн найман зуун мянган жилийн түүхийг хөрсөндөө хадгалж, гурван мянганы түүхтэй Евразийн нүүдэлчдийн төрт улсуудын голомт нь байж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг билээ.

Монгол төрийн голомт нь НТӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрэн юм. Эдүгээг хүртэл монголчууд Чингис хаанаа (1162-1227) үндэсний эв нэгдлийн бэлгэдэл хэмээн дээдлэн шүтэж, түүний үлдээсэн их өвийг нандигнан хайрладаг. Чингис хаан нь монголын төдийгүй дэлхийн түүхэнд аугаа үүрэг гүйцэтгэсэн Их Монгол улсыг үүсгэн байгуулагч, суут улс төрийн зүтгэлтэн, цэргийн аугаа жанжин байсан бөгөөд гадаад харилцаа, олон улсын худалдаа, мөнгөний харилцаа, зам тээвэр зэрэг бүхий л салбарт түүчээлж дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн алсын хараатай манлайлагч байв. Түүний явуулж байсан бодлого, төрийн үзэл баримтлал нь өнөө цагийн хүний эрх, эрх чөлөө, даяарших үйл явцын эхийг тавьсан гэж судлаачид үздэг.

Өнөө ч түүний сүр хүч монголчуудад аугаад тэмүүлж, боломжгүйг бүтээж, шинэчлэгч байхыг сануулдаг билээ.

Онгон дагшин Монгол орон

Монгол нь хүн амын нягтаршил хамгийн сийрэг орон бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт 2,1 хүн ногддог. Өнөө ч монголчууд эх орныхоо өргөн уудам нутагт нүүдлийн амьдралын хэв маягаараа аж төрөн, үзэсгэлэнт байгалаа онгон дагшнаар нь хадгалан хамгаалсаар байдаг. Хүн амын тал нь амьдардаг нийслэл хот, зарим томоохон суурин газрыг эс тооцвол экологийн хувьд машид таатай улс. Тиймээс, Монгол орон экологийн цэвэр бүтээгдэхүүнээрээ алдартай байдаг бизээ. 

Өргөн уудам монголын хязгаар бүр өөрийн өнгө төрх, араншин аяс, үзэсгэлэнг бүрдүүлэх нь нэн өвөрмөц. Их талын амар амгаланг мянга мянган адууны туурайн төвөргөөн сэрээж, үржил шимт нутагт нь өлчир улаан буудай шуугин алтран үзэгддэг бол хүний хөл үл хүрэх умардын их тайгын гүнд цаагаа даган нүүдэллэх цаатнуудын мөр борооны түрүүгээр арилдаг. Өмнө зүгийн их говь, дорнын уудам талд наран газраас ургах мэт манддаг бол цаст уулсын оргилыг зүсэн исгэрэх салхит Алтайн нуруунд нар эртлэн жаргана. 

Монгол орон ийм л эсрэгцэлээр дүүрэн онгон дагшин хийгээд ер бусын үзэмж төгөлдөр байгальтай орон.


Монголд зочлон ирэх, тухлан саатах шалтгаан олон бий. Тиймээс таныг Мөнх хөх тэнгэрийн орныг зорин ирж нүүдэлчдийн гайхамшигт өв соёл, зочломтгой ард түмэнтэй нь дотно танилцахыг урьж байна.

Монголын тухай зарим сонирхолтой 15 баримт

  1. Монгол орон нь Евразийн нүүдэлчдийн төрт улсын өлгий нутаг. Тус орны нутаг дэвсгэр дээр НТӨ 209 оноос нийт долоон эзэн гүрэн байгуулагдаж байжээ. Эдгээрээс хамгийн хүчирхэг нь дэлхийн түүхэнд үлдсэн хамгийн том эзэнт гүрэн гэгддэг Монголын эзэнт гүрэн юм.  Харин тус эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хаан дэлхийн хамгийн алдартай монгол хүн юм.
  2. Нийслэл Улаанбаатар гэдэг нь “улаан баатар” гэсэн утгатай. Хамгийн олон удаа буюу нийтдээ 28 удаа нүүсэн нийслэл хот юм.
  3. Монголчууд дэлхий дахинаа анх удаа уул усаа дархалсан үндэстэн. Нийслэл хотын өмнө зүгт сүндэрлэх Богдхан уулыг XII зуунаас шүтэн тахиж ирсэн бөгөөд 1778 онд албан ёсоор дархан цаазат болгож байсан нь АНУ-гийн Шар чулуутын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс нэгэн зууны өмнөх үйл явдал юм.
  4. Жилийн хамгийн том баяруудын нэг бол Үндэсний их баяр наадам юм. Наадам нь эрийн гурван наадам хэмээн алдаршсан хамгийн өргөн цар хүрээтэй соёл, спортын арга хэмжээ билээ. 2011 оны Үндэсний их баяр наадмаар болж өнгөрсөн үндэсний бөхийн барилдаан нь хамгийн том бөхийн тэмцээн болж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон. 
  5. Нүүдэлчдийн ёс заншил, соёлын их өвийг шингээсэн өөр нэгэн томоохон баяр бол дорнын шинэ жил буюу Цагаан сар юм. 
  6. Говийн баавгай буюу мазаалай, дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох монгол тахь зэрэг зөвхөн монголд л үзэж болох амьтад онгон зэрлэг байгалдаа байхын сацуу нэн ховор хоёр бөхт тэмээ, цоохор ирвэс ч энд бий.
  7. Монголд хүн амаасаа 13 дахин их адуу бий. Монгол маш баялаг хийгээд нэн эртний угшилтай адууны соёлоороо гайхагддаг.
  8. Монголчуудын зочлох соёл маш гайхамшигтай. Хэрэв тэд нүүдэл харвал хоол унд, сүүтэй цай, айргаа барин угтдаг. 
  9. Айргийг гүүний сүүг исгэн хийх бөгөөд монголчуудын дунд өргөн тархсан үндэсний маш онцгой ундаа. Хэрэв зочин гийчин нүүдэлчдийн хоол унд, айргаас татгалзвал гэрийн эзнийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үздэг.
  10. Монголын их талын нүүдэлчид сүүн архи гаргаж авсан нь онцгой юм. Сүүн зөөлөн үнэртэй, үл мэдэг цөцгийт амттай бага хатуулагтай шимийн архиа монголчууд мянганы түүхийн гүнээс өвлөгдсөн өв хэмээн ихэд хүндэтгэлтэй ханддаг. Шимийн архи хүртэх хатуу дэг жаяг байдаг нь өнөө ч өвлөгдөн ирсэн байдаг.
  11. Мөхөөлдөс, бургер, халуун тогоо зэргийг анхлан монголчууд зохион бүтээсэн гэж үзэх нь бий. 
  12. Монгол бол далайд гарцгүй хоёр дахь том орон юм.
  13. Монголчууд маш олон цагаан толгой хэрэглэж ирсэн түүхтэй ард түмэн. Чингис хааны зохиолгосон сонгодог монгол бичиг нь зүүнээс баруун тийш босоо байдлаар бичигддэг. Өдгөө урлагийн нэгэн төрөл болон хөгжсөн. 
  14. Язгуур урлагийн баян тансаг өвтэй бөгөөд уртын дуу, хөөмэй, морин хуур, монгол цуур зэрэг нь ЮНЕСКО-ийн өвийн жагсаалтад багтдаг. 
  15. Монголын уран барилга нь зөвхөн монгол гэрээр хязгаарлагдаггүй. Цаг хугацааны явцад Хятад, Төвд, Энэтхэг хэв маягийг хольсон сүм хийд, өрнийн уран барилгын уламжлалыг нүүдэлчдийн өв соёлоороо баяжуулан нутагшуулсан иргэний барилгууд нь содон сонирхолтой. 
Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles