Чингисийн алтан ургийн удам Өндөр Гэгээн Занабазарын билэг авьяас, ур ухаан, суу залийг нь үнэлэн судлаачид түүний цаг үеийг Дорнын Сэргэн Мандалт хэмээн өөрийг нь Микеланжело Буоанарроти, Леонардо да Винчи нартай зүйрлэсэн байдаг.
Өндөр гэгээн төр хийгээд номын хүн байгаад зогсохгүй авьяаслаг уран барилгач, суу билэгт уран барималч, энгүй их яруу найрагч, бурхан ухаантай уран дархан, уран зураач, эрдэмтэн гүн ухаантан байсан. Олон талын авьяас билэг, хүнлэг үзэл санаа, урлахуйн их эрдэмээрээ тэрээр яахын аргагүй Өрнийн Сэргэн мандалтын их мастеруудтай эн зэрэгцэхүйц мастер.Түүний бүтээсэн язгуурын таван бурхан, очирдара, майдар, манзушир, цагаан дарь эх, ногоон дарь эх, 21 дарь эх, бодь суварга зэрэг бүтээлүүдийг өнөө ч гайхан шагширсаар байна.
Ур ухаан шингээн бүтээсэн Ногоон Дара Эхийг Өндөр гэгээн цор ганц хувь бүтээжээ. Түүний талаар монгол ардын домог ч бий. Г.Занабазар Ногоон Дара эхийг бүтээхдээ зүй бусаар хорлогдож насан эцэслэсэн 21 настай хайртай бүсгүйнхээ дүрээр бүтээсэн гэх домог бий. Ногоон дарь эх нь үзэсгэлэнт буйлсан нүдтэй, шулуун хамартай, нялх хүүхдийн адил дүүрэн хацар, тачаал шуналыг огоорсон жүмбэгэр уруултай, залуу сайхан уран бие, уян налархай хөдөлгөөнтэй, хувцас чимэг хомс агаатал нүцгэн бус, лянхуа цэцгийг атгасан мутрын хөдөлгөөн нь уян тансаг, жагар төвөдийн дар эхүүдээс этгээд өөр, бурхан бүтээх тигийг зөрчсөн эс зөрчсөн дунд, оюуны бядыг гэрэлт биед нь шингээж нэг ч залгаас, гагнаас үгүй бүрэн цутгамал аргаар бүтээгдсэн онцгой бүтээл. Түүний дүр нь цаг хугацааны гүнээс инээмсэглэх эгэл монгол бүсгүй юм.
Эгэл бүсгүйн дүрийг шингээсэн Цагаан Дара эх балчигаас ургасан боловч хирийн гэмийг үл халдаагч лянхуа цэцгийн сэнтий дээр очир суудлаар заларч, баруун гарынхаа алгыг нааш харуулан хурууг тэнийлгэж баруун хөлийн өвдөг дээр зөөлөн тавьсан байдаг. Түүний нүүр, биеийн хэлбэр, гар хуруу нь хүүхдийнх адил булбарай атлаа үзэсгэлэн төгөлдөр шинж бүрэлдэж яваа төрхийг зүүн мөрөн дээр нь дөнгөж нүдлэн, цомирлогоо нээж байгаа цэцгээр адилтган дүрсэлсэн байдаг. Энэхүү бурхан нь салхинаас өөр юу ч хүрээгүй цэвэр ичимтгий монгол охидын сонгодог дүр бөгөөд уран сайхны дээд хэллэгийн нэгэн хэмжүүр болж бидэнд өвлөгдөн ирсэн.
Г. Занабазарын бүтээсэн өөрийн хөрөг нь ихэд анхаарал татам. Тэрээр өөрийн хөргийг бүтээхдээ хутга барьж, ууц таллаж буй монгол ахуйлаг байдлаар дүрсэлсэн байдаг. Үүнд нүүдэлчдийн эрх чөлөөг дээдэлж, язгуураа хүндэтгэсэн түүний үзэл санаа тод илэрдэг. Тэрээр өөрийн хөргийг ийнхүү тиглэн бүтээгээд шавь нартаа энэ дүрээр нь бүтээж байхыг захисан гэдэг.
Таван настай байхдаа Халх Монголын шарын шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамбын ширээнд заларсан Г. Занабазар нь монгол лам хувцас, хурал номын уншлагын ая дан, уран барилга, цамын ёслол зэргийг монгол ахуй, язгуурын нүүдэлчдийн сэтгэлгээнд зохируулан бүтээж Монголын Бурханы Шашинг үүсгэн байгуулсан гавьяатай. Түүний зохиосон утга төгс Соёмбо гэхэд Монгол төрийн бэлэгдэл болон төрийн далбаа, төрийн сүлдэнд мөнхөрсөн. Олон салбарт өөрийн гайхам авьяасаа гэрэлтүүлэн гайхшруулсан Г. Занабазарын авьяас билгийг энэ мэтээр тоочоод баршгүй.
Бурхан бүтээх тигийг эвдэлгүй тухайн үеийн урлагт тогтсон хүйтэн хөндий, царцмал дүрийг эвдэн бүтээлээ амьдруулсанд Г.Занабазарын ур ухааны чанадын нууц оршино. Өнөө хэр уран бүтээлчид бүтээлдээ түүн шиг амь шингээж чаддаггүй нь нууц биш. Түүний урлахуйн эрдэмд нэг ч уран барималч хүрээгүй гэдэгтэй буддын шашинт орнуудын бурхан урлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Түүнийг “…хязгаар захын харанхуй Халх орны зул болж… Таван цөвүүн дэвэрсэн хэрцгий догшин амьтадыг муугаас гэтэлгэх, албат зарлигийг амгалан зохиохын ерөөлөөр” мэндэлсэн хэмээн түүх бичигт тэмдгэлжээ. Үнэхээр тэрээр монголчуудын оюун санааны зул гэрэл нь болж нэгэнтээ Н.К. Рерихийн тэмдэглэгсэнчлэн “Монголчуудын уран сайхны язгуур мэдрэмж”-ийг, язгуурын нүүдэлчдийн гоо сайхны тухай ойлголтыг, оюун санаа, билэг ухааны тухай эргэцүүллийг өөрийн бүтээлүүдээрээ дамжуулан дэлхийд таниулсан агуу нүүдэлчин.