Их талын нүүдэлчдийн соёлын дархлаа

Нүүдэлчдийн соёлын язгуур шинж төрхийг өөртөө шингээсэн эрийн гурван наадам, цагаан сар нь Монголын төрт ёсны их баяр цэнгэл, их талын эсгий туургатны соёлын дархлаа болон бидэнд мянганыг дамжин өвлөгдөн ирсэн. Эдгээр баяр нь төрд эв нэгдэл, гэрт энх амгалан авчирч монгол туургатны сэтгэл санааг соёлын илэрхийллээр нэгтгэдэг.

 

Эрийн гурван наадам

Эртний улбаатай эрийн гурван наадмыг их хуралдай чуулах, хаан өргөмжлөх, тэнгэр хангай, уул усаа тахих, аян дайнд мордох зэрэг ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр сүр жавхлантайгаар хийдэг байсан. Төрийн есөн хөлт цагаан тугийг зөвхөн баяр наадмаар л Төрийн ордноос гарган наадмын төв талбайд залдаг уламжлалтай.

Монголчуудын хувьд эрийн гурван наадам нь нүүдэлчин соёлоороо бахдах, Монгол төрийн түүхээрээ омогшин сэрэх баяр цэнгэл юм. Наадмын үеэр эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэсэн хүчит бөхчүүдийн барилдаан, эрхий мэргэн харваачдын наадаан, эрэмгий хурдан хүлэг морьдын уралдаан, шагайн харвааны наадаан болж өнгөрдөг.

Монгол бөх нь эрчүүдийн бяр тэнхээг сорьж, ялах, ялагдахын ухаарлыг хайрладаг аж. Тухайлбал, ялагдсан бөх зодогныхоо элэг бүсийг тайлж, өөрөөсөө бага цолтой өрсөлдөгч бөхийнхөө ялалтыг хүндэтгэн баруун гараа өргөж тахимаа өгдөг. Харин давсан бөх төв асар, төрийн их тугийг тойрон ид хавтай дэвж, хурсан олонд давснаа илэрхийлнэ.

Тэгвэл сур харваа нь чигч бодол, нягт нямбай байдлыг шаарддаг.

Харин гуч хүртэл километр хурдлах монгол морьд хийморийг даллаж, шагайн харваа тэсвэр тэвчээрийг төлөвшүүлнэ. Түрүүлсэн морь, бөхөд магтаал хэлж цоллож алдаршуулдаг бол шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваачид цол, чимэг олгодог уламжлалтай.

Наадамчин олны гангарсан дээл хувцас, гоёл чимэглэл монгол хувцасны баялаг уламжлалыг илэрхийлж, өнгө алаглан харагдах нь сайхан.

“Монгол түмний баяр, цэнгэлийн манлай Монгол наадмыг нь 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авчээ”

Цагаан сар

Намрын улиралд цагаан идээний баяр хэмээн тэмдэглэж байсан ч 1206 оноос цагаан сар хэмээж хаврын эхэн сард тэмдэглэх зарлигийг Чингис хаан буулгажээ. XVII зуунд буддын шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон гэдэг. Тиймээс энэхүү баяр нь нүүдэлчдийн язгуур үзэл санаа, шашин төрийн гүн утга агуулга бүхий билэгдлийн баяр юм. Энэ баяраар ураг төрлөөрөө цуглан, бие, хэл, үйлдлээрээ бие биендээ хүндэтгэл үзүүлдэг содон баяр.

Битүүний өдөр ахмад настныдаа цуглаж идээ шүүс хүртэж, гүн утга агуулга бүхий эртний тоглоом наадгайгаа тоглож, үлгэр домог, ертөнцийн гурвыг хэлэлцдэг ёстой. Харин шинийн нэгний өглөө эртлэн босч мандах нарыг угтаж, уул овоогоо тахин, цагаан сүүгээ байгаль дэлхийдээ өргөдөг. Шинэхэн жилийн нарны цацрагийг угтан ахмадындаа бүгдээр цуглан насны эрэмбэ дарааллаар ураг садныхаа тохойг түшиж золгон мэндчилдэг. Гэр бүлийн хоёрын сэтгэл нэг гэж үздэг тул хоорондоо золгодоггүй. Ийнхүү мэндчилсний дараа ерөөл, бэлэг дэмбэрэлтэй үг солилцож, идээ шүүс зооглон, утга төгс яриа өрнүүлдэг. Сайн сайхныг санан, билэг дэмбэрэлтэй үг солилцож зочилсон гийчний сэтгэлд талархан гарыг нь цайлгах ёсоо үйлдэж зочноо үддэг.

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles