Дэлхийн нийслэл “Хархорум”

Хархорум хот бол Монголчуудыг дэлхий дахинд тамгалан үлдээсэн түүх соёлын дурсгалт газар билээ. Тэртээ 13-р зуунд Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан Хархорум хотын тухай сонирхолтой 5 фактыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Орхоны хөндий- Дэлхийн өв

Орхоны хөндийн соёлын дурсгал нь Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсгээр Орхон голын эргийг даган байршдаг. Улаанбаатар хотоос 360 орчим километр зайд орших Орхон голын хөндий нь Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншил 2000 гаруй жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулах хосгүй, үнэт дурсгалыг өөртөө хадгалан байдаг.

ЮНЕСКО “Дэлхийн өвийн II, III, IV шалгуур”-уудыг хангасан гэж үзсэн тул 2004 онд 28-р чуулганаар Орхоны хөндийг дэлхийн өвийн жагсаалтад 1081 дэх байршлаар бүртгэн авчээ.

Олон зууны турш энэхүү газар нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор өнөөдрийн бидэнтэй золгожээ. Цаг хугацааны эрхээр түүхийг гэрчлэх хуучин цагийн үзмэрүүд л үлдсэн ч ном зохиолд бичигдэн үлдсэн гайхалтай түүхүүд хэзээ ч хуучрашгүй

 

2. Монголын эзэнт гүрний түүхэн нийслэл- Дэлхийн хот

Монголчуудыг нүүдэлчин ард түмэн гэдгээр дэлхий илүүтэй мэддэг. Харин Хархорум хот бол Монголчуудын суурьшмал соёл иргэншил эхлүүлж байсныг илтгэх хамгийн том баримт юм.

1220 онд Чингис хаан Хархорум хотыг Орхон голын хөвөөнд нүүлгэх зарлиг гаргаж байжээ. Түүнээс хойш Өгэдэй хаан дэлхийн өнцөг булан бүрээс сор болсон дархчуудыг цуглуулан тухайн үеийн нүд баясгам Хархорум хотыг барьж байсан түүхтэй. Тухайн үедээ улс төрийн төв, худалдаа, эдийн засаг, гар урлал, шашин, соёлын төв, олон улсын харилцааны томоохон зангилаа төв байжээ. Тийм ч учраас эртний түүхэн бичвэрүүдэд “Дэлхийн нийслэл” хэмээн хүндэтгэн дурдсан байдаг.

 

3. Дэлхийд анх удаа Шашны ном хаялцав

1254 онд Мөнх хааны зарлигаар Хархорум хотноо бурхны, загалмайтны, исламын шашны лам санваартнууд гээд олон шашны төлөөллүүд дэлхийд анх удаа ном хаялцсан түүхтэй. Уг ном хаялцах үйл ажиллагаанд загалмайтны шашны төлөөлөгчдийг Рубрук тэргүүлэн оролцсон байдаг. Рубрук нь Мөнх хааны үед Их Монгол улсын нийслэл Хархорум хотод ирсэн Францын IX Людовик вангийн элч билээ.

Монголын эзэнт гүрэнд шашин шүтлэгийн жинхэнэ эрх чөлөө тогтсоныг илтгэх Буддын шашны 12 сүм хийд, исламын 1 сүм, христийн 2 сүм сүндэрлэж байв. Мөн Монгол оронд Төвдийн Бурхны шашин дэлгэрсний бэлгэдэл, анхны буддын сүм Эрдэнэ зуу хийд баригдсан юм.

 

4. Түүх археологийн дурсгалт газард- Египетийн Фарон

XIII-XIV зууны үед Монголчууд гадаад улс гүрнүүдтэй сайн харилцаатай байсныг илтгэх хүний нүүрний хэлбэрийг дүрсэлсэн 2 олдворыг 1975 онд олж байжээ.

Хархорум хотын дэвсгэрээс олдсон дээрх хоёр хүний нүүрний дүрс нь эртний Египетийн хаад, Фараон нарын бунханд дүрсэлдэгтэй ижил төстэй байгааг төвөггүй таньж болно.

Дундад зууны үеийн Монголын нийслэл Хархорумаас олдсон гонзгой царайтай, өндөр сартгар хамартай, жартгар том нүдтэй, зузаан уруултай, тайван төрхтэй уг бүтээлийг галт уулын хөөсөн хүрмэн чулууг маш цэвэрхэн засаж, гадуур нь модон хуулга нааж, нүүрэн талыг нь өнгөлж технологийн өндөр төвшинд урласан байна.

 

5. Хархорум хотын Мөнгөн мод

Мөнх хааны зарлигаар Францын алдарт уран дархан Вильгельм Бушье болон 50 туслахын хамт урласан 4 метрийн өндөртэй “Мөнгөн мод”. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлан Түмэн Амгалант ордон дотор хааны сэнтийн өмнө 1254 онд залжээ.

Мөнгөн модны хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв. Уран хийцлэл, зохиомжоороо гайхагдсан сор бүтээл бол яах аргагүй Мөнгөн мод байлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles