Дэлхийд үлдээсэн Монголчуудын соёл

Монголчууд социализмын замаар 80 жил, ардчиллын замаар 30 жил, харин нүүдэлчдийн амьдралын хэв маягаар дэлхийн хөрсөн дээр үүсэн бий болсон цагаасаа хойш өдийг хүртэл оршин буй үндэстэн юм. ХХ зууны эхээр дэлхийн улсуудад Чингис хааныг магтан дуулах, XIII зууны Монголын түүхийн талаар эерэгээр бичих зэргийг хориглож байсан гэдэг. Тиймдээ ч дэлхий нийт Монголыг XIII зууны эзлэн түрэмгийлэгч, хот тосгодыг галдан шатаагч, хүн ардыг хомроголон устгагч хэмээн харах болсон бөгөөд монголчууд дэлхийн соёлд ямар хувь нэмэр оруулсан талаар дутмаг ойлголттой байдаг. Тэгвэл судлаачид XIII зууны монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн өв, гүйцэтгэсэн хэд хэдэн чухал үүргийг онцолдог. Эднээс цухас дурдвал:

 

Нэгдүгээрт, Чингис хааны олон улсын харилцааны бодлого. Монголчууд өрнө, дорныг соёлын түмэн шижмээр холбож, өнөөгийн дэлхий дахины соёлын нийтлэгийн эхийг тавьж, эл үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Энэхүү Ази, Европыг хооронд нь холбож ойртуулж өгсөн явдал нь орчин цагийн даяаршлын үйл явдлын үндэс суурь болж олон улсын харилцаа, нэн ялангуяа тив хоорондын харилцааны хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал энэхүү бодлогын хүрээнд торгоны зам цаашлаад цайны замын соёл дэлгэрч өрнөдөд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг, мөн эргээд дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулсан ач холбогдолтой.

Хоёрдугаарт, Дипломат ёсны эхлэлийг тавьсан. Их Монгол Улсын үед элчин харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг байжээ. “Элчин харилцаа болбоос төрийн алтан аргамж мөн” хэмээн Чингис хаан айлдсан удаатай. Тиймдээ ч өөрийг нь төдийгүй Их Монгол Улсыг төлөөлөн явах элчид итгэмжлэл болгон гэрэгэ өгч байсан бөгөөд элчийн алтан гэрэгэ одоогоор бол улс хооронд нэвтрэх виза байжээ. Чингис хааны энэхүү гавьяаны талаар түүхч, угсаатны зүй судлаач Л.Н.Гумилёв “Энэ цагийн дипломатууд Чингис хаанд алтан хөшөө босгох өртэй” гэж хэлсэн байдаг.

Гуравдугаарт, Олон шашин зэрэгцэн оршиж байв. Хамид Түүхчдийн үздэгээр Хүннү гүрнээс Хамаг Монгол хүртэлх он цаг үеийн монголчууд Мантхизм, буддын шашин, күнзийн сургааль, несторын сургааль зэрэг төрөл бүрийн шашин, бишрэлийг чөлөөтэй шүтэж байснаараа их онцлогтой юм” гэж хэлсэн байдаг. Өнөө цаг үед ч шашны мөргөлдөөн гарсаар байгаа. Монголчуудын хувьд дээд тэнгэрийг шүтдэг байсан ч олон үндэстнээс бүрдсэн ард иргэдийн хүссэн шашинаа шүтэх боломжийг нь хязгаарладаггүй байсан нь тухайн үедээ хүний эрхийг дээдэлсэн бодлого байсан учраас Монголын эзэнт гүрэн удаан хугацаанд оршин тогтнох үндэс нь болсон гэж судлаачид үздэг.

Түүхэнд “хэрвээ” гэж үг байдаггүй. Гэхдээ хэрвээ XIII зуунд Монголчууд байлдан дагуулалт хийж Орос, Хятадын дотоодын дайнг дуусгаж нэгтгээгүй бол, өрнө дорно, Ази, Европыг холбоогүй бол өнөөгийн дэлхийн хөгжил хэдэн зуун жилээр хоцрох байсан гэж зарим судлаачид үздэг. Тиймээс энэхүү нийтлэлээ зохиолч Жак Уэтерфордын “Чингис хаан түүхийг урагшлуулсан. Хэзээ ч холбогдож байгаагүй салангид соёл иргэншлүүдийг холбосон. Тэр үед Хятад, Араб, Европын соёл иргэншил нь холбогдож байгаагүй. Чингис хаан энэ гурван том соёл иргэншлийг холбож нэг гүрэн болгоод дэлхий ертөнцийг урагш нь маш том алхуулсан. Эдгээр соёл иргэншил хэзээ нэгэн цагт бие биенээ мэдэрч ойлгож холбогдох л байсан. Гэхдээ Чингис хаан төрөөгүй бол энэ үйл явц хэдэн зуун жилийн дараа л болох байсан байх” гэсэн үгээр өндөрлүүлье.

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles