Монгол идээ зоогийг цагаан идээ, улаан идээ, гурилан идээ, амтат идээ, дарс хэмээн тав ангилдаг. Нүүдэлчдийн үндсэн хүнс болох улаан идээ буюу махан хоолыг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэдэг бол цагаан идээ буюу сүү, сүүн бүтээгдэхүүнийг халуун дулааны улиралд хэрэглэж иржээ. Амьдралын хэв маяг, байгаль уур амьсгалын онцлогоос бий болсон энэхүү уламжлал нь хүний биед ихэд эерэг нөлөөтэй болохыг эрдэмтэд нотлодог.
Ингээд та бүхэндээ Монголд ирээд заавал амсаж үзэх ёстой 10 хоолыг танилцуулж байна.
- Шүүс.
Монголчуудын гүн хүндэтгэлийн зоог. Уламжлалт шинэ жил болох Цагаан сар болон найр хуримын үеэр бэлтгэж ширээ засдаг. Шүүс гэдэг нь хонины чанасан бүхэл мах юм. Дотор нь их бүхэл шүүс, дунд бүхэл шүүс, бага бүхэл шүүс хэмээн хуваагддаг. Их бүхэл гэдэг нь тэвхэн ууц, таван түрүү мах, толгой, дөрвөн шийр ордог бол дунд бүхэл шүүсийг нь шийр, толгойгүй тавьдаг ажээ. Харин бүхэл хонины шүүсийг төлөөлүүлэн бага бүхэл шүүст дал дөрвөн өндөр, хонтой шаант, сүүл, гургалдай зэрэг багтдаг байна. Их шүүсийг төрийн ихэс дээдэс, дунд бүхэл шүүсийг ахмад настан, өнөр өтгөн айл өрх, харин бага бүхэл шүүсийг ердийн айл баяр ёслолын ширээн дээрээ хүндэтгэн тавьдаг ёстой. Иймд их бүхэл ба дунд бүхэл шүүсийг зөвхөн хүндэтгэлийн арга хэмжээ, тэмдэглэлт баяр, найр хуримын үеэр л зооглох боломжтой юм. Ердийн тохиолдолд сайхан амталсан чанасан мах хүртэж болно. - Боодог.
Монголчуудын хүндэтгэлийн зоог. Боодгийг гол төлөв тарвага, ямааны махаар хийдэг. Мал амьтныг туламлан өвчиж яс, гэдэс дотрыг нь аваад, давс, ногоогоор амтлан дотор нь улайсгасан чулуу, махыг үечлэн хийж амсрыг битүү боодог. Үүний дараа ил гал дээр гаднаас нь шарж туламд буй мах, ногоог битүү жигнэж болгодог зоог юм. Хэзээ ч мартагдахгүй өвөрмөц амттай бөгөөд мах маш зөөлөн болдог тул хүртэхэд тааламжтай байдаг. - Хорхог.
Мөн л Монголчуудын хүндэтгэлийн зоогт багтах бөгөөд боодогтой төстэй технологиор хийдэг. Хорхогийг тулманд бус битүү жигнэгч тогоо, тусгай сав суулгад жигнэж болгодгоороо ялгаатай. Мөн тогоонд болон гүзээнд хорхог хийдэг арга бий. - Бууз.
Ихэвчлэн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд болон хүндэт зочиндоо өргөн барьдаг хүндэтгэлийн зоог. Монголчууд буузанд дуртай тул ердийн үед ч бэлтгэн зооглох нь түгээмэл. Жижиглэн татсан мах (хонь, үхэр), хонины сүүлийг сонгино, давсаар амтлан шанзыг бэлтгэдэг. Шанзаа дугуйлан элдсэн жижиг гурилд ороон чимхэж уураар жигнэн болгодог. Мөн хөөсөн гурилаар мантуун бууз бэлдэх нь бий. - Хуушуур.
Буузны адил түгээмэл дэлгэрсэн зоог юм. Наадмын өдрүүдэд Монголчууд заавал хуушуур зооглодог тогтсон уламжлалтай. - Цуйван.
Маш энгийн орцтой ч өвөрмөц сонирхолтой амттай түгээмэл хоол. Мах, ногоог хуурч, гар аргаар хийсэн татсан гурилыг дээр нь жигнэж болгодог. Хурц амтлагчид ордоггүй учраас мах, ногоо, гурилын жинхэнэ амт нь хадгалагдаж үлддэгээрээ онцлог зоог юм. Сонирхолтой жишээ дурдахад Монгол цуйвангийн тухай Японы “Chaka Land” хамтлаг дуу гаргасан нь ихэд дэлгэрчээ. - Гурилтай шөл.
Үхэр эсвэл хонины махыг сармис, сонгинын хамт шарж, махны шөл (эсвэл ус)нэмж, гар аргаар татсан гурил хийж чанадаг халуунаар нь иддэг нэгэн төрлийн шөл.
- Аарц, ааруул, бяслаг.
Сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийдэг зоогийг цагаан идээ хэмээдэг. Монголчууд сүү, тараг, аарц, ааруул (хатаасан аарц), зөөлөн бяслаг (хатаасан хувилбар ч бий), өрөм (загсаасан сүүний хөөс), хайлмаг (өрөм хайлуулан гаргасан тос), зөөхий зэрэг олон арван төрлийн цагаан идээ бий. - Сүүтэй цай.
Монгол суутай цай нь давстай байдгаараа онцлог. Түүнчлэн хийцтэй сүүтэй цай гэж байх бөгөөд өрөмний тосонд гурил, шар будаа зэрэг үр тариа хуурч хийцлэн хийдэг цай. Өтгөн, илчлэгтэй сүүтэй цай нь хатуу ширүүн уур амьсгалд маш тохиромжтой байдаг бөгөөд удаан хугацаанд өл дарж чаддагаараа онцлог.
- Айраг.
Гүүний сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн, цагаан өнгөтэй, бага зэргийн исгэлэн амттай бага хатуулга бүхий ундаа. Айраг нь Монголчуудын хамгийн дуртай улирлын чанартай ундаа бөгөөд адууны соёл айргийг дагасан маш олон соёл, зан заншил байдаг. Мөн хүний эрүүл мэндэд тустай олон төрлийн витамин, хүчил, эрдэс байдаг тул эмчилгээний зорилгоор ч өргөн ашигладаг.
Монгол зоогийн орц найрлага нь энгийн, хийхэд хялбар тул Та Монголд ирсэн л бол дурын зоогийн газар олон гүнцэгийг барих боломжтой.