С.Саранцацралт: Хүн өөрийгөө бүтээдэг

– Тантай ярилцахын нэг гоё нь Таныг танилцуулах оршил хэсэг шаардлагагүйд байдаг юм байна шүү дээ. Танаас амьдралын хэв маяг сонирхож, дотоод ертөнц рүү чинь өнгийх хүсэл байхад л хангалттай мэт. Тэгэхээр амьдралын философиос эхэлмээр байна, ярилцлагаа?

– Хүнд аль болох хүндрэл учруулахгүй, гайхуулж, өрсөлдөж, тэмцэлдэхгүйгээр зүгээр л мөрөөрөө амьдрах сонирхолтой. Нам гүм орчин бүрдүүлээд хайртай нохой, шувуугаа асраад амьдрах л сайхан. Би амьтдыг хүнд хайрлахыг заадаг, хайранд сургадаг багш гэж боддог. Гарын таван хуруунд багтахаар цөөхөн найзтай. Эршүүд талдаа. За гэвэл за, үгүй бол үгүй. Дургүй бол дуугүй зайгаа барьчихдаг. Дуртай бол яаж ч байсан салдаггүй, бүх насаараа найзалчихдаг. Долигонох, тал засах дургүй. Ийм л хүн. Ямар ч хүнтэй хүн ёсоор харилцах л сайхан. Ерээд онд манай хажуухны траншейныхан траншейнаасаа цухуйгаад “Сараа эгч ээ та шүү” гэж хашгирдаг байж билээ. Өдөрт хорин хуушуур аваачаад өгчихдөг байсан юм. Тиймхэнд талархана гэж жигтэйхэн. Байрныхаа гадаа машинаа тавьчихаар хэнийг ч ойртуулахгүй хамгаалаад. Талархах сэтгэл нь хайр хүрэм байгаа биз. Тэр хүмүүс анхнаасаа траншейнд төрөөгүй, амьдралын нугачаанд хэн ч, хаана яаж амьдрахыг тааж мэдэх аргагүй шүү дээ

– Таныг багаасаа л зурах дуртай охин байсан гэж сонссон. Хэдэн настайгаасаа зурж эхэлсэн бэ?

– Гуравтайгаасаа. Миний тоглоом ерөөсөө л өнгийн харандаа, баримлын шавар байсан. Төрөхөд, нэг настайд авч өгсөн цагаан, шар хоёр бамбаруушаа харин нөхөрт гартлаа өвөртөлж унтсан шүү. Одоо ч бий. Манайд миний зурсан зургууд шуудай шуудайгаараа хадгалаастай их удсан. Сүүлд өнөө зургуудыг хадгалж байсан айлын амбаар шатаад байхгүй болсон. Охидын дурладаг хүүхэлдэйнд их дургүй охин байлаа. Нэг удаа аавыг Москвагаас хүүхэлдтэй авчрахад нь хамаатныхаа охинд өгчихөж билээ.

– “Энэ чинь би байхгүй юу” гэж хүчтэй мэдэрсэн анхны агшнаа санадаг уу?

– Их тод санадаг. Гурав, дөрөвтэй л байсан болов уу. Ээж миний өмнө тавагтай каш тавиад “Асгаж болохгүй шүү” гэж хэлчихээд өрөөнөөс гараад явчихав аа. Тэр үед би “Энэ кашийг би санаатай асгахгүй, санаандгүй л асгаж таарна. Тийм байж яахаараа буруутан болдог билээ” гэж бодож сууснаа нэг арга олж байсан юм. Асгасныхаа дараа алчуураар арчаад галын өрөөний угаалтуур руугаа шидчихэж билээ. Тэр өдөр ээж каш асгасныг минь мэдээгүй учраас загнаагүй. Аав, ээждээ мэдэгдэхгүйгээр өөртөө таатай оршиж болох аргыг олж нээсэндээ жигтэйхэн баярлаж байсан минь санаанаас гардаггүй.

– Та хаана, ямар орчинд яг өөрөөрөө байдаг вэ?

– Цаг ямагт өөрөөрөө байдаг. Хэнд таалагдах гэж дүр эсгэж явах билээ дээ. Ер нь надад хүнд долигонох шалтгаан байдаггүй. Хүнд таалагдах гэж улайрдаггүй. Миний бүтээснийг хүмүүс хараад юу гэх бол гэсэн бодол төрдөггүй. Зургаа зурахдаа өөртөө л таалагдах гэж, өөртөө оршиж бүтээдэг. Өөртөө таалагдах их гоё. Нүүрний арьсаа толигор гэрэлтсэн байхыг хараад баясах чинь жинхэнэ кайф. Өөртөө таалагдаад, байгаа юмсаа гоёор харахад л болчихдог орчлон. Ингээд бодохоор амьдрал их амархан байгаа биз.

– Хүн өөрийгөө бүтээдэг үү, эсвэл хүний мөн чанар ойр тойрны хүмүүсийн нөлөөгөөр бүрддэг юм болов уу?

– Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэдэгт илүү итгэдэг. Хүүхдийг төрсөн цагаас эцэг эх нь кодолчихдог л доо. Нэрийг нь өгнө, өрөөг нь тохижуулж өгнө, ингэ тэг гэж зааж зааварлана. Мэдээж багаас нь өгсөн энэ код хүний амьдралд нөлөөлнө. Гэхдээ тэр код нь надад таалагдахгүй байж болно. Надаас гараагүй учраас таалагдахгүй байх нь тэгтлээ гайхахаар зүйл биш. Эцэг эхтэйгээ харгалдлаа гэх мэт буруутгалыг би хувьдаа ойлгодоггүй. Энэ миний л амьдрал учраас би өөрөө өөрийгөө бүтээх ёстой. Би ямар нэгэн асуудал тулгарахад эхлээд өөртөө ханддаг. Тэгэхээр гаргалгаа нь ч төвөггүй тодроод ирдэг. Тэгж олсон шийдэл маань буруудсан удаагүй. Ээжийнхээ тэр сайхан чанарыг, аавынхаа тийм онцгой талыг дуурайсангүй гэдэг. Ээж, аавынхаа хувилбар болж, заавал хэн нэгнийг хуулбарлах тийм утга учиртай зүйл мөн үү.

– Юмсыг харах өнцгөө өөрчилж чадсан хүн амьдралын хэв маяг, үзэл бодлоо өөрчилдөг-2021 онд гаргасан “Оюун санаагаа аваръя” үзэсгэлэнгийн чинь нэг бүтээл. “Намайг төрүүлэх аппликэйшн” гэсэн нэртэй байл уу даа.

– Тийм ээ, тийм нэртэй бүтээл. Тэр аппликэйшний асуултуудад зуун хувь итгэл дүүрэн хариулж чадвал хэдэн хүүхэд төрүүлсэн ч болохгүй гэх газаргүй. Дүүрэн итгэлтэй хариулж чадахгүй бол хэцүү. Сар найзлав уу, үгүй юү хүүхэд олж, ямар ч хариуцлагагүйгээр хүүхэд төрүүлчихээр хариуцлагаа мэдэрдэггүй иргэдийг нэмэхээс хэтрэхгүй. “Ах эгч нар нь байхад хүүхэд төрүүлэхэд яахав дээ” гэсэн хандлагыг би ойлгодоггүй. Ах, эгчээр нь өсгүүлнэ гэдэг бэртэгчин хандлага. Зүй нь хэн ч дүүгээ өсгөх гэж төрөөгүй. Миний үеийнхэн дээс тоглох ч завгүй дүүгээ асарсан, хүзүүндээ гэрийн түлхүүрээ зүүсэн охид л байсан. Хүүхэд насаа мэдрэхгүй өснө гэдэг өрөвдмөөр биз.

– Доор нь мөнгө дэвсээд хана түшүүлэн тавьсан шат сонирхолтой санагдсан, таны үзэсгэлэнгээс. Брэндүүдийг сандал дээр өрж тавьсан бүтээл ч ихийг бодуулахаар зохиомжтой юм билээ…?

– Шатны тухайд бүх юмны өндөрлөгт мөнгөөр ивэгдэж гарч байгааг харуулсан бүтээл. Брэндүүдийн хувьд брэндийг, брэнд өмссөн хүмүүсийг шүүмжлээгүй. Брэнд өмсөхгүй л бол тоогдохоо больсон нийгмийг шүүмжилсэн юм.

– Наана нь баахан хог, цаадах жирэлзсэн дэлгэц дээр нь гараа зүрхэн тушаагаа барьсан толгойгүй хүмүүстэй бүтээлийг хүмүүс их сонирхож байсан. Тэр их хогийг хогийн цэгээс авчирсан уу?

– Тэр хогийг би дөрвөн уулнаас түүсэн. Эх орон гэж юу вэ гэсэн асуулттай бүтээл л дээ. Өмнөх үзэсгэлэнгүүдээрээ би хүмүүстэй харилцаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд дандаа асуулт тавьсан бүтээлүүд. Эх орон гэж гараа зүрхэн дээрээ тавьчихаад дуулж байгаа жүжиг юм уу, яг жинхэнэдээ юу юм бэ гэж асуусан. Жирэлзсэн дэлгэц нь оюун санаа жирэлзсэнийг хэлж байгаа юм.

-Яагаад заавал контемпорари бүтээлүүдээр дагнасан үзэсгэлэн гаргая гэж шийдсэн бэ?

– Контемпорари буюу орчин үеийн урлаг бидний дунд өрнөж буй үйл явцыг шүүлтүүргүйгээр, бодитоор дүгнэж анализ хийх боломжийг олгодог. Үргэлж асуулт ундрааж, сониуч байдалд урин даллаж байдгаараа онцгой урлаг. Оршихуйн тухай танин мэдэхүй, ойлголт, өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлийг нийгэмд таниулдаг нь энэ урлагийн том өгөөж. Ер нь хүн юмсыг харах өнцгөө өөрчилснөөр амьдралын хэв маяг, үзэл бодлоо өөрчилдөг. Ингэж чадсан хүмүүс илүү сайхан ирээдүйг бүтээдэг. Гэтэл өнөөдөр түрүүн хэлсэнчлэн хаашаа л харна насанд хүрээгүй насанд хүрэгчид. Энэ утгаар нь би үзэсгэлэнгээ “Оюун санаагаа аваръя” гэж нэрлэсэн юм. Одоо л оюун санаагаа аврахгүй бол цаашид Монгол Улс энэ айхавтар дижитал, өндөр оюун санааны зуунд оршин тогтнож, амьдрах аргагүй. Контемпорари урлаг өргөн дэлгэр цар хүрээтэй. Нийгмийг тэр аяар нь илэрхийлэх боломжтой. Тийм учраас одоо цагийн урлаг болчихоод, дэлхий контемпораригаар амьсгалж байна л даа. Контемпорари бүтээлүүд ямар ч хүн сонсонгуут толгойд нь тас хийтэл буухуйц тайлбартай байдаг. Гоёчилсон, хальсан зүйлгүйгээрээ онцгой. Дэлхийн зарчмаар л энэ урлагийг хөгжүүлэх хэрэгтэй. Гадны уран бүтээлчид нийгэмд өрнөж буй үйл явцыг ямар ч шүүлтгүйгээр уран бүтээлдээ тусгаад гаргаад ирдэг. Гэтэл манай уран бүтээлчид нийгэмд ямар ч оролцоо байхгүй, цэцгэн бороо, солонгон морь гэж халиад суугаа нь бодитой үнэн.

– Хайртай найрагч чинь хэн бэ?

– Л.Өлзийтөгс. Ямар ч амбицгүй, дотогшоогоо урссан шүлгүүдтэй. Шүлгүүдийг нь уншихаар амгалан тайван болчихдог. Японы хайкунуудыг уншихаар ардаа мөргүй, урдаа замгүй гэдэг шиг ямар ч амбиц, эгогүй зүгээр л гоё байдаг даа. Зүв зүгээр байгааг л хэлчихсэн байдаг нь гоё. Зүгээр л энэ ертөнцөд зүв зүгээр байгааг олоод харчихсан. Зарим найрагчдын, зохиолчдын шүлэг зохиолыг уншихаар дүүрэн амбиц мэдрэгддэг. Энэ ертөнцийг бүх л юмыг эгогоороо шүүгээд биччихсэн байдаг л даа. Өөрийнхөө эгог яая гэж байж хүний эгогоор яах ч билээ.

– Ерээд оноос өмнө мэдрэмж асгарсан, оюун санааны таашаал, эрх чөлөө мэдрүүлсэн, баярлуулж, догдлуулж гайхшируулсан үзэсгэлэн их ховор гарсан байх шүү. Тэр үед таныг гайхшируулсан зураач гэвэл хэнийг онцлох вэ?

– Соосай гуайн зургийг анх хараад л дурласан. Их гоё мэдрэмжид автсанаа мартдаггүй.

– Нэлээд хэдэн жилийн өмнө Б.Болдсайхан эмчийн Соосай зураачийн талаар бичсэн хөргийг уншиж байсан юм. Цаг үедээ үнэлэгдэж чадаагүй их авьяастан байж дээ гэж бодоод өнгөрсөн. Яг ямархуу хүн байсан тухай дурсаач?

– Цэвэр чөлөөт сэтгэлгээтэй, амьд, сүнслэг зурдаг, долигонож зусардах дургүй сайхан уран бүтээлч байсан. Чихрэнд жигтэйхэн дуртай. Төгс-Оюун бид хоёр чихэр авч очиж байгаад ярина. Их гоё бүжиглэнэ. Бүжиглэхэд нь өмднийх нь шуумаг хачин гоё эргэдэг байсан гэдэг. Шуумгандаа хорьтын мөнгийг тойруулж эгнүүлээд оёчихдог байж. Тэгэхээр бүр гоё эргэж таарна аа даа. Уран бүтээлч хүн учраас тэгж гоё сэтгэж байхгүй юу. Би тухайн үед залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн дээр нэг бүтээлээ тавилаа. “Соосайд зориулав” гэсэн бичигтэй. Гэтэл олны мэдэх том зураач “Чи Соосайтай хэр найз юм” гэж асууж байна . “Оюутан байхаасаа л шүтсэн” гэсэн чинь тэр хүнд надад дургүй болчихож билээ.

– Түүхийн аль цаг үе илүү таалагддаг вэ?

– Одоо цаг л таалагддаг. Яг одоо л хүсч байсан цаг минь өрнөөд байх шиг санагддаг. Одоо үетэй харьцуулахад ээж, аавын минь үеийнхэн их өрөвдмөөр амьдарсан. Хамтдаа тухлаад суух гоё газаргүй учраас гэр гэртээ хаа нэг цуглацгаана. Ууж идэх хоол ундны нэр төрөл хомс. Буузыг баяраар иддэг гол хоол гэсэн ойлголттой. Тэддүгээр таван жилийн төлөвлөгөө гэх мэт худал үнэн нь мэдэгдэхгүй уриа лоозон дор цаг наргүй ажиллаж, залуу насны оргилуун хүслээ биелүүлэх орон зай, орчин нөхцөлгүй гунигтай үеийг туулж давсан гээд бодохоор аав, ээжийнхээ үеийнхний залуу насыг өрөвддөг. Миний залуу насыг ч гэсэн тэр цагийн салхи дайрсан. Анхны нүцгэн зураг, баримлыг хийж байлаа, залуудаа. Нүцгэн эрэгтэй хүний баримал, зураг. “Монголын залуучуудын үнэн” сонин садар самуун сурталчиллаа гэж шүүмжилж бичээд нэлээд юм болж байсан шүү. Соёлын хэлтсийн нэг хүн дуудаад “Залуу эмэгтэй хүн байж ийм юм хийж л байдаг. Дахиад ингэвэл зураг зурах эрхийг чинь хасна шүү” гэж загнахаар нь яаж дуугүй суухав. “Дэлхийн алдартай зураачдаас нүцгэн хүн зураагүй зураач байхгүй шүү дээ” гэсэн чинь өнөө албаны хүн “Хэн чамд хөрөнгөтний урлаг заасан бэ, Амгалан багш чинь заасан юм уу” гэж дуугаа чангаруулж билээ. Ингэж загнуулсныхаа дараа өөртөө л зуръя гэж шийдсэн. Тэгж байтал ерэн он гарч, 1992 онд анхны үзэсгэлэнгээ гаргасан юм. Хүмүүст яавал илүү гоёыг үзүүлэх вэ гэж бодож зориод гаргаж байлаа, үзэсгэлэнгээ.

Ярилцсан Ц.Баасансүрэн

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles