Нүүдэлчдийн язгуур шашин шүтлэг

Нүүдэлчид эртнээс аливаа шашинд хүндэтгэлтэй хандаж ирсэн түүхтэй. Тухайлбал Эзэнт гүрний үеийн нийслэл Хархорум хотод буддын 12, лалын 2, христийн 1 нийт 15 сүм хийд байсан бөгөөд 1254 онд Чингисийн ач хүү Мөнх Хааны зарлигаар анх удаа олон шашны онолын маргааныг зохион байгуулсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр ч бүү хэл “Их Засаг” хуулиндаа шашин шүтэх эрх чөлөөг хуульчилсан байдаг.

 

Монголын бөө мөргөл

Хүн төрөлхтний унаган шүтлэг бөө мөргөл монголчуудын хувьд өнөөдрийг хүртэл тэнгэрийг шүтэх, байгалтай шүтэлцээтэй орших язгуур үзэл санаатай нь нягт уялдаа холбоотойгоор хөгжин иржээ. Тэнгэр шүтлэгтэн нь тэнгэр газар, байгаль дэлхий, өвөг дээдсийн онго тэнгэр бүх хүн төрөлхтнийг харж хамгаалдаг хэмээн үзэж, хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалах, бие хүнийхээ хийморь, сүр сүлд, эрчим хүчийг дээд хэмжээгээр дайчлан бадрааж, шударга ариун амьдрахыг эрмэлздэг.

Бөөгийн өмсгөл, зан үйл нь олныг гайхан бишрүүлдэг. Монгол бөөгийн өмсгөл дотор онгод нь оршдог гэж үздэг. Бүтээх хийгээд өмсөх нарийн дэг уламжлалтай. Монгол бөөгийн өмсгөл тухайн ястан үндэстэнээрээ хоорондоо ялгардаг. Бөөгийн зарим зан үйл Монголын бурханы шашинд шингэн нэгэн төрлийн симбиоз бий болгон өнөөдрийг хүрсэн нь сонирхолтой.

 

Монголын Буддизм

Монголд буддизм МЭӨ II зуунд нэвтэрсэн боловч сүүлд XVI зуунд хүчтэй нэвтэрч өнөөг хүрсэн. урханы шашин хэмээх ойлголтыг монголын нэрт соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазар нэвтрүүлсэн. Монголын бурханы шашин нь лам нарын хувцас хэрэглэл, бурхан бүтээх ёс, сүмийн барилга байгууламж, анагаах ухаан, одон орон судлал, хурал номын ая дан зэргээрээ онцгой, буддын шашин дэлгэрсэн бусад орнуудаас эрс ялгардаг. Тухайлбал хурал номын ая дан Төвөдийнхөөс өөр, монгол ардын эртний уламжлалт аялгуу дуутай зохилдуу бөгөөд уртын дуу лугаа адил сонсогддог уран тансаг аялгуутайд тооцогддог. Монголын эрдэмтэн лам нар буддын шашинт орнуудад хүлээн зөвшөөрөгддөг шашны гүн ухааны зохиолуудыг ч туурвисан байдаг.

Буддын шашин хүчтэй хөгжих болсон XVII зуунаас нүүдэлчдийн анагаах эрдэм, буддын анагаах эрдэмтэй гайхалтай зохирон өндөр хөгжилд хүрсэн байдаг. Тиймээс монголын анагаах ухааны түүхэнд энэ үеийг “алтан үе” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Энэ мэтчилэн Буддизм Монголд дэлгэрэхдээ өөрийн өвөрмөц өнгө төрхийг олж нүүдэлчдийн язгуур сэтгэлгээ, баялаг уламжлалыг өөртөө шингээн Монгол хэмээх тодотголтой болсон юм.

Монголчуудын өнөөдөр ч аливаа шашинд хүндэтгэлтэй хандаж чаддаг нь шашины сургаал, үзэл санааг нүүдэлчид эрдэм хэмээн сэтгэж, аливаа эрдмийг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авдгаас үүдэлтэй биз ээ. Нөгөө талаасаа монголчууд өөрийн ертөнцийн зүй тогтолын тухай үзэл санаатайгаа ижлийг ямар ч шашин, домгоос хайгаад олчихож чаддаг нь гайхам.

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles