Түүхч, эдийн засагч Б.Наранбадрахтай ярилцлаа.
-Адууны асрамжийн газар байгуулах болсон түүхээ сонирхуулаач?
-Миний амьдралын эргэлтийн цэг IT-гийн олон улсын хурал дээр болсон юм. Ази, Ойрхи Дорнод, барууныхан цугласан том хурал 2016 онд Бээжинд болоход компаниа төлөөлөөд очив оо. Хурлын хөтөлбөр, танилцуулгатай номон дээр хуралд оролцогчдын нэрийг жагсаачихсан байхаар нь бүгдийнх нь нэрсийг каллиграфаар бичээд бэлэглэх бодол төрлөө. Тэр өдрийнхөө орой захаас муутуу цаас, бийр, бэх худалдаж аваад хуралд оролцогчдын нэрсийг шөнөжингөө каллиграфаар бичлээ дээ. Хурлын сүүлийн өдрийн хүлээн авалтын үеэр зохион байгуулагчдад нь хүсэлтээ хэлтэл дуртай зөвшөөрч байна. Монголоос ирснээ хэлж, дэлхийд юугаар ондоошдгоо ярьж, ямар орчинд төрж өссөнөө сонирхуулж худам монголоор бичсэн каллиграфаа дурсгалаа. Бүгд гайхаж шагшицгаагаад, хурлын турш хэний ч нүдэнд торохгүй даруухан сууж байсан өнөө монгол чинь түмний анхааралд орчихдог байгаа. Яг тэр үед би “За та бүхнийг хооллож байх зуур Монголынхоо уртын дууг дуулж өгье өө” гээд “Хөөрхөн халиун”-ыг дуулаатахав. Дахиад л алга ташилт, гайхсан шагшсан уур амьсгал танхимыг эзэлчихсэн. Шуудхан хэлэхэд бизнес маань яг тэр агшнаас хойш цэцэглэсэн, монгол ахуй, адуутайгаа өссөн орчин маань надад амжилт авчирсан. Тэр цагаас хойш энэ том ачийг яаж хариулах вэ гэж бодож явж байгаад адууны асрамжийн газар байгуулахаар шийдсэн юм.
-Адууны асрамжийн газрын Наранбадрах гэдгээр тань монголчууд таныг андахгүй болсон. Бойны газраас адуу худалдаж аваад асрамжийн газар байгуулахад багагүй мөнгө хэрэг болж таарна. Бизнестэй юү?
-Би уг нь түүхч, эдийн засагч хүн л дээ. Хувийн бизнес гэвэл IT-гийн компанитай. 2016 он хүртэл Монголд ажилласан. Одоо бол бизнесээ гадагш нь гаргачихсан.
-Та түрүүн ондоошил гэж ярилаа. Хуучин руугаа ухрах хэрэггүй, дэлхийтэй хөл нийлүүлье гэсэн хандлага хүчтэй байгаа энэ үед ондоошил гэж ярих хэрэгцээ байна уу?
-Бид ондоошил гэдгээ буруу ойлгоод байна л даа. Хэрэглэхээ больсон, түүх гэдэг жагсаалтад орсон юмыг ондоошил гэж хараад байх шиг. Бидний одоо амьдарч байгаа хэв маяг дэлхийн улс түмнээс юугаараа өөр юм бэ гэдэг л ондоошил. Нүүдэлчин байхаас эхлээд бүх л цаг үеийн турш бидний ондоошил адуу байсан. Дэлхийн улс орнууд Монгол гэхээр мориор дэлхийг эзэлсэн л гэж хардаг. Адуу аврах бол миний хувьд сэтгэлээ дэвтээх маягийн л зүйл байсан. “Ийгл”-ээр адууны асрамжийн газрын маань тухай нэвтрүүлэг гарснаас хойш маш олон малчин холбогдож байна. Бүр мянган дуудлага ирсэн өдөр хүртэл бий.
-Адууны махны бизнес байхгүй бол малчид яаж мөнгө олох вэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Номхон морийг эргэлтэд оруулна гэхээр яана гэсэн үг вэ?
-Таны хэлж байгаа үнэн л дээ. Одоогоор үүнээс өөр мөнгө олох арга байхгүй. Гэхдээ номхон морийг эргэлтэд оруулах боломжтой нэг том салбар байна. Бүр тодруулж хэлбэл, аялал жуулчлалын салбар. Түмэн морины парад хийж болно. Би гарц шийдэл хайж Дэлхийн хамгийн том амьтан хамгаалах байгууллага болох PETA руу и-мэйл бичсэн юм. Тэд хариу репорт ирүүлсэн байгаа. “Чи санаачилгаа бодит ажил болгоод Засгийн газраа хөдөлгөж чадвал бидний зүгээс туслахад бэлэн байна” гээд мэдээлэл ирүүлсэн л дээ. Америкт гэхэд л адууг хайрладаг, үрчилж аваад гэрийн тэжээмэл амьтан шиг өсгөдөг хүн 13 сая 800 мянга байдаг юм байна. Тэд зөвхөн энэ чиглэлээрээ аялдаг гэнэ. Америкаас гадна Европ гэж том тив байна. Тэнд бас ийм сонирхолтой хүн хэдэн саяараа бий. Германд гээд ярихад амьтанд ээлтэй ногоон байгаль гэдэг чиглэлийн бодлого баримталж хүнснийхээ 40 хувийг ногоон хоол болгочихсон байх жишээний. Товчхондоо амьтан хайрлах нь дэлхийн чиг хандлага болчихсон. Сүүлийн гучаад жилд л жинхэнэ шинж чанараа алдчихсан болохоос монголчууд дэлхийд хайрыг заасаар ирсэн үндэстэн. Амьтныг, байгалийг хайрлаж зэрэгцээд оршвол дэлхийдээ урт хугацаанд амьдрах боломжтойг зааж байсан хүмүүс тэр мөн чанараа гээчихсэн. Наад захын жишээ гэхэд өнөөдөр адуугаа мах гэж л хардаг болсон. Хайр байхгүй учраас юу ч байхгүй болчихож байгаа юм. Ингэчихээр гэмт хэргийн гаралт өндөр байх нь наад захын асуудал шүү дээ. Б.Ринчен гуайн “Монголын за андгай буй за” гэсэн алдартай үг бий. Гэтэл одоо за гэдэг үгийг захын хүн л хэлдэг болчихсон. Нэг жишээ нэмж хэлэхэд Америкт адууг гэрийн тэжээмэл амьтны хуулиар хамгаалдаг юм билээ. Би танд нэг харьцуулалт хэлье. Дэлхийд жилдээ 144 мянган адуу бойлдог гэсэн статистик бий. Гэтэл манай улсад жилдээ 300 мянган адуу бойлдог гэж би танд түрүүн хэлсэн дээ.
-Их өндөр тоо байна шүү. Гэхдээ адуугаа бойлохоо болиод түмэн адууны парад хийлээ гэж бодъё. Бразилийн карнавал шиг дэлхийд хүргэнэ гэдэг нүсэр ажил болох байх даа?
-Дэлхийн амьтан хамгаалах байгууллага “Хэрвээ та нар адуугаа бойлохоо больж аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх шийдэл болгоно гэвэл үнэгүй сурталчилж өгөх боломж бий. Танайхыг Леонардо Ди Каприо сурталчилж болох юм” гэсэн утгатай хариу ирүүлсэн байгаа.
-Яагаад заавал Леонардо Ди Каприог онцолж хэлсэн юм бол?
-Леонардо Ди Каприо Зүүн Өмнөд Азийг хариуцсан хүн нь юм билээ. Энэ бол Монголыг хэдэн тэрбумаар сурталчлах үнэгүй боломж. Дэлхийн амьтан хамгаалах байгууллагын Италийн салбарын эмэгтэй адуугаа хайрладаг болчихвол яг тэр чиглэлээр аялдаг жуулчдаа аваад очъё гэсэн утгатай захидал ирүүлсэн, бүр видео хүртэл хийгээд явуулсан байсан. Та түрүүн Бразилийн карнавал гэж асуусан даа. Жилдээ дөрвөн сая 900 мянган жуулчин зөвхөн тэр карнавалыг үзэх гэж Бразилийг зорьдог. Манай улс жил бүр морин цэргийн түмэн адууны парад хийнэ гэж зарлачихад л дэлхий сонирхоно. Түмэн цэрэгтэй морин парад зохион байгуулахдаа тэр арга хэмжээгээ “Сүбээдэй жанжны түмт” гээд нэрлэчих хэрэгтэй. Дэлхийн батлан хамгаалахын түүхэнд Сүбээдэй жанжны тактик онцгой судлагдахуун болдог. Мэдээж түмэн адууны баяр дан ганц парадаар хэмжигдэхгүй. Дотоодын морь сонирхогчид, адуучид, малчид хурдан хурц, жороо адуунуудаа наймаалцаж, айраг цагаа, адууны хэрэглэл, морин соёлын үзэсгэлэн зохион байгуулагдаж таарна. За тэгээд төрөөс уяачид малчдаа шагнах ёслол хийх гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой.
-Та гурван сая жуулчин ирэх боломжтой гэдэг тооцоог ямар үндэслэлээр яаж гаргасан бэ?
-Дэлхийн амьтан хамгаалах байгууллагаас надад ирүүлсэн тооцоон дээр суурилж хэлсэн тоо л доо. Түмэн адууны парад үнэхээр шийдэл болж чадвал адуу хамгаалдаг дор хаяж гурван сая жуулчин танай улсад очих боломжтой гэсэн утгатай хариу ирүүлсэн юм.
”Хайр дагаж хариуцлага ирдэг”
-Тийм олон тооны номхон морийг хаанаас яаж, ямар арга, шийдлээр бэлдэх вэ?
-Монголд номхон морины эрэлт нь их ч нийлүүлэлт нь байдаггүй. Гэхдээ үүнийг маш хялбархнаар шийдэх боломжтой. Дүүргийн Засаг дарга нар хот суурин газрын эргэн тойронд сургууль, аав, ээжүүдтэй хамтарч адууны жүчээнүүд байгуулахад л болчих юм. Хан-Уул дүүргийн нэг сургууль 600 хөвгүүнтэй байлаа гэж бодъё. 100 хүү нь моринд дуртай байг. Өнөө хөвгүүдийн аав ээж нь өвөлдөө адууны мах авдаг мөнгөөрөө хүүдээ морь зүслээд өгчихөд л болоод явчихна. Засаг даргатайгаа нийлж барьсан жүчээнд өнөө морьдыг нь тусгай хүмүүс тэжээнэ. Аав, ээжүүдийн хувьд хөвгүүдээ амралтын өдрүүдээр нь морин дээр нь аваачаад байхад л номхон морины тоо нэмэгдээд ирнэ. Малчид морио унаж эдэлж номхон болгоод бойнд биш, тэр жүчээнүүдэд авчирч өгөхдөө илүү дуртай байна. Номхон морины тоо өсөөд ирэхээр Засгийн газар жинхэнэ зохион байгуулалтаа хийх боломжтой болно. Тэр хүртэл тодорхой хугацаа зарна л даа. Гэхдээ цаад зах нь дөрвөн жилийн дараа түмэн морин цэргийн парад хийх боломж бүрдэнэ.
-Монголчуудын талаас хол илүү хувь нь хот суурин газрын амьдралд шилжчихсэн. Адуугаар хүүхэд хүмүүжүүлнэ гэхээр гайхах хүн олон болсон байх. Адуутай ойр өсвөл хүүхдийн хүмүүжилд ингэж тэгж нөлөөлдөг гэсэн бодит түүхүүдээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?
-Тийм түүх олон шүү. Адууны асрамжийн газрыг маань сурвалжилсан сурвалжлагын дараа хүүхдийг адуугаар хүмүүжүүлсэн туршлагатай нэг хүн манайхыг зорьж ирээд надтай уулзсан юм. Монголын каскадёрын буюу орлон тоглогчдын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатарыг монголчууд андахгүй байх. Яармагт морин харваа хийдэг залуу. Тэр залуу “Чиний ярьж байгаа юм яг миний мэддэг зүйл байна. Хоёулаа нэгдье” гэсэн л дээ. 50 гаруй хүүхэд өргөж авсан, өргөж авсан хүүхдүүдээс нь дэлхийн хэмжээний кинонд орлон тоглогчоор ажилласан хэд хэдэн залуу бий. Нэг нь “Мулан” кинонд орлон тоглогчоор оролцсон. “Марвел” киноны зураг авалт Австралид болсон доо. Тэнд хэдэн залуу орлон тоглогчоор оролцсон. Том Хэнкстэй хамт карантилагдлаа энэ тэр гээд шуугьсан даа, тэр залуус Б.Болдбаатарын бэлдсэн хүүхдүүд. Болдоо надад нэг түүх ярьсан юм. Найз нь PC, коланд донтсон дунд чөмөг нь тахийчихсан хүүгээ дагуулаад ирж л дээ. “Хажуудаа байлгаж хүн шиг хүн болгоод өг” гээд зориод ирж. Болдоо өнөө хүүд “Мойлхон” гэдэг морио зүсэлж өгөөд “За чи энэ морийг унахгүй шүү. Тэжээгээд, ярилцаад, хамтдаа алхаад бай” л гэж. Тэр хүү одоо Каскадёрын холбооных нь орлон тоглогч, том залуу болсон гэсэн. Морин харваа сонирхож ирсэн хүүхдүүдээс хайр халамж дутуу, ээж, аавгүй нь Болдоогоос салдаггүй юм билээ. Тийм хүүхдүүдээ өргөж аваад, адуутай ойрхон өсгөж хүмүүжүүлж сайхан амьдралд хүргэж яваа буянтай залуу. “Мулан” киноны гол дүрийн орлон тоглогч дэлхийн алдартай эмэгтэйтэй ойр харилцаатай ажилладаг, өнөө бүсгүйгээр дамжуулж хүүхдүүдээ гадагшаа тэтгэлэгтэй сургуульд явуулдаг гэсэн.
-Танай адууны асрамжийн газарт хүүхдүүд хэр очиж байна вэ?
-Манайхыг сурвалжилснаас хойш аав, ээжүүд их хандаж байгаа. Хүүхдүүд ч их залгаж байна. Зорьж ирэх хүүхдүүд өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа. Би нэг зүйл анзаарсан. Хүүхдийн анхаарал адуутай байх үедээ 100 хувь төвлөрдөг шиг санагддаг. Манай адууны асрамжийн газарт нэг хүү хаваржингаа өнжиж IELTS-т бэлдсэн юм. Морио унаад шугуй руу ороод таг чиг болчихдог байлаа. Тэнд яг яадгийг нь сонирхоход “Морио чөдөрлөчихөөд идүүлэх зуураа үгээ цээжилдэг. Морины идэж байгаа чимээнд үг цээжлэхээр мартдаггүй юм” гэж хэлсэн шүү. Б.Болдбаатарын хэлсэн нэг явдал санаанд орчихлоо. Болдоо нэг хүүд морь зүслээд өгч л дээ. Морин дээрээ байнга ирдэг хүү аавдаа “Би энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхгүй байхаар шийдлээ, та миний төрсөн өдөрт зарцуулах мөнгөөрөө моринд маань тэжээл авч өгөөрэй” гэсэн байгаа юм. Хайр дагаж хариуцлага ирдгийг хүү хэнээр ч хэлүүлэхгүй сурчихсан байгаа биз. Хүүхдийг мориор дамжуулж хүмүүжүүлэх хуучны монгол арга нь хөдөө бэлээхэн байна, тэр ахуйг суурин газрын хүүхдүүдтэй түрүүн та бид хоёрын ярьсан жишиг загвараар уяж чадвал эдийн засаг, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлж чадна.
Ярилцсан Ц.Баасансүрэн