Дэлхийн энтэй Монголчууд

САЛХИЧ ШУВУУ

/Монгол Улсын гавьяат жүжигчин, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн Дугараагийн Алтанхуяг/

“Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги,хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх”. Балетчин Д.Алтанхуяг “Монголын балетын хөгжил сан”-гийнхаа хүрээнд жил бүр зохион байгуулдаг олон улсын шилдэг бүжигчдийн тоглолтынхоо тухай ийн тайлбарладаг. Урлагт дуртай монголчуудын хувьд түүний нэр бахархал, хүндэтгэл гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Монголын хамгийн олон үндэстэн, ястанаас бүрддэг Ховд аймгаас гаралтай тэрбээр ардын бий биелгээг чадварлаг бүжиглэдгээрээ хүүхэд байхаасаа танигдсан юм. Ааваасаа өвлөсөн түүний бүжиглэх авьяас нь ДБЭТ-ээс эхлээд Японы Асама Маки, Комаки театр, Америкийн Бостон балетын үүдийг нээжээ. Францын бүжиг дэглээч Ролан Пети 10 жилийн өмнө шилдэг найман бүжигчнийг сонгож, дэлхий даяар аялан тоглолт хийсний нэг нь Д.Алтанхуяг байв. Монгол улсын соёлын элчээр томилогдсон тэрбээр сүүлийн жилүүдэд эх орондоо балетын урлагийг шинэ шатанд гаргах, хөгжүүлэх үүднээс “Балетын үдэш” олон улсын наадмыг жил бүр зохион байгуулж, зул сар бүрээр “Цөмөөхэй”-г шинэчлэн тавихын зэрэгцээ балетын сургуулийг нээн ажиллуулж буй. Өөрөөр хэлбэл, сонгодог бүжигт дуртай үзэгчдэд сайн бөгөөд сайхан тоглолт энд огт тасардаггүй гэсэн үг. Д.Алтанхуяг төдийгүй Германы театрт ажилладаг Д.Одсүрэн, Солонгосын театрын Б.Цолмонбуд зэрэг бүжигчид болон ДБЭТ-ын залуу бүжигчид орчин үеийн бүжиг найруулах, зохион байгуулахад их хувь нэмэр оруулан ажилладаг. Тэгвэл сонгодог бүжгүүдийн хувьд ДБЭТ амралтын өдөр бүр дэлхийн шедеврүүдээс толилуулдаг юм. “Бид уламжлалаа хадгалахыг хүсдэг. Надаас олон хүн яагаад орчин үеийн талыг барьдаггүй тухай асуудаг. Миний бодлоор дэлхийд хоёр төрлийн театр бий: Нэг нь бүхнийг хадгалдаг бол нөгөө нь бүхнийг өөрчилдөг. Тэгвэл миний бодлого бол хадгалах юм” хэмээн ДБЭТ-ын захирал асан Б.Сэргэлэнгийн  New York Times-т тайлбарласан бодлого нь өдгөө ч хэвээр үргэлжилж буй.

 

НҮҮДЭЛДЧИЙН ЗАГВАР, МИНИМАЛ ХЭМНЭЛ

/Дизайнер Ариунаа Сүри/

Монголын загварын ертөнц залуухан ч дэлхийд барихуйц чиг хандлага, тренд тэнд бий. Тэр бол нүүдэлчдийн уламжлалт дээлний загварууд, чимэг сэлтээс санаа авсан өрнийн элементүүдээр баяжуулсан шинэ хэв маяг юм. Үндэсний томоохон брэндүүд болох “Торго” салон, “Гоёо” компаниудын загвар зохион бүтээгчид төдийгүй Парист ажилладаг Цоло Мөнх, Италид амьдардаг Д.Овдогмэд нараас эхлэх ихэнх Монгол дизайнерын урлалд нүүдэлчин удам нь шинэ цагийн технологи, дэлхий нийтийн чиг хандлагатай сүлэлдэн Монгол гэж танигдах бүтээлүүдийг урлах нь давамгайлж байна. Түүнчлэн тэдгээрийг ихэнхдээ Монголд баялаг байх ноос, ноолуур, нэхий ашиглан хийдэг учраас органик шинжтэй нь нэг онцлог тал болно. Германд загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж төгссөн дизайнер Ариунаа Сүригийн ажлууд ч эко материалууд ашиглаж, өрнө дорныг холбосон агуулгаараа ялгардаг. Эх орондоо анх удаа усан дээрх загварын шоуг толилуулж, улирлуудын коллекцио байнга танилцуулахын зэрэгцээ “Mercedes benz fashion week Tokyo”-д Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, загварууд нь “Vogue”-ын хуудаснаа гарсан нь бий. Түүний үүсгэн байгуулсан “ARIUNAA SURI” брэнд эх орондоо төвлөрч ажиллахаас гадна гадаадын зах зээлд чиглэх хандлагатай бөгөөд Япон, Франц, Итали, Герман, Авсрти, Унгар зэрэг оронд хувцаснуудаасаа гаргаад буй. Байгалийн үзэгдлээс цөөнгүй загварынхаа санааг олдог хэмээдэг нь ч түүний урлалуудын энгийн хирнээ нууцлаг байдгийн учир болов уу. Өөрөөр хэлбэл, органик бөгөөд минимал гэдэг нь түүний нэрийн хуудас гэж хэлж болно.  Ариунаа Сүри “Ус” сэдвийг сонгон авч коллекци гаргаж байсан бол 2016 оны намар, өвлийн цуглуулгадаа минимал, нүүдэлчин хэв маягаа хадгалахын зэрэгцээ онгон дагшин говь нутаг, мазаалай баавгайн зургийг нэмж өгсөн нь тус брэндийн алсын хараа, цар хүрээг ч илтгэнэ.

 


КАМЕРТАЙ ЭР

/Бусаны кино наадмын шагналт найруулагч, зураглаач Сахъяагийн Бямба/

Нийслэлийн ойролцоо жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүү хөрш айлын сүүг зарж өгч амьдралаа залгуулдаг. Түүнд хэдхэн өдөрт тохиолдсон үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл, анхны хайрын тухай тун энгийн хүүрнэлтэй хэрнээ, ухаалаг өгүүлэмж, бэлгэдэл дүүрэн бүтээлийн нэр нь “Алсын удирдлага”. Бусаны олон улсын кино наадмын шагналт уг бүтээлийн эзэн нь С.Бямба юм. Хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал, шинэчлэлийн зохицол, зөрчилдөөний талаар уран сайхны аргаар харуулсан нь түүний хувьд цоо шинэ сэдэв ч биш. Тэрбээр Бүх Оросын Кино урлагийн дээд сургуулийг төгссөнөөс хойш олон улсын уран бүтээлчидтэй хамтран, баримтат, уран сайхны 20 гаруй кинонд зураглаач, найруулагч, зохиолч, гүйцэтгэх продюсерээр ажиллажээ. Түүний оролцон бүтээсэн “Нохойн орон”, “Монголын дуу”, “Алаг үрс”, “Хадаг”, “Хүсэл шунал” зэрэг бүтээл Венец, Канн, Амстердам, Торонто, Нион, Ямагата, Сан-Франциско тэргүүт кино наадмуудад амжилттай оролцож, шагнал хүртэж, Францын ARTE, Японы NHK зэрэг сувгуудаар гарч байв. С.Бямбын оролцсон хийгээд найруулсан кинонуудаас хоёр нийгмийн шилжилтийн үеийн хүмүүс, тэдний хүсэл мөрөөдөл болон гуниг ганцаардал нь хэзээ ч унтраагүй итгэл найдвартай хамт тодрон гарч ирдэг. Энэ нь социализмийн үеийн үзэл суртлаар дүүрэн киноноос 1990-ээд оны алаг цоог болсон кино зах зээл, 2000 оны дунд үеэс хүчээ авсан инээдмийн кинонуудын хажуугаар урлагийн үнэ цэнэ бүхийн сайн кино хийхээр тэмүүлж буй шинэ үеийн залууст үлгэр дууриал болдог нь дамжиггүй.

 

МОНГОЛ МОДЕЛЬ

/Загвар өмсөгч Баярхүүгийн Ялгуун/

Загварын салбарт даруухан төрхөөрөө онцгой, Монголын шилдэг моделиудын нэг Ялгуун. Монголд түүний төлөөлөөгүй, нүүр царай болоогүй брэнд бараг үгүй гэхэд хилсдэхгүй.  Олон улсад багагүй туршлага хуримтлуулж чадсан тэрээр таван настайгаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч ахлах ангидаа загварын агентлагт бүртгүүлснээр энэ салбарт анх хөл тавьжээ. Б.Ялгуун Токио хотын Mercedes Benz Fashion Week-ийн хүрээнд дизайнер Ариунаа Сүригийн шоунд оролцох мөчид энэ салбарт гүн дурласан гэдэг. Хонконгийн нэр хүндтэй Jessica сэтгүүлийн нүүрийг 19-хөн насандаа чимж амжилтын гараагаа эхлүүлж Сингапурт зохиогдсон Chanel-ын тайзнаа алхаж, 2017 онд Италийн Marco de Vincenzo брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэн нь түүний чадварын цар хүрээг илэрхийлэх биз ээ.

Үүнээс гадна Индонезийн Elle, Harper`s Bazaar, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож, Миланы загварын долоо хоногийн хүрээнд Италийн Stella Jean, Гүржийн Situationist брэндийн хувцсыг амилуулж байсан түүний амжилтын түүх бичигдсээр байна.

 

ХОЛ БИШ МӨРӨӨДӨЛ

/Харвардын их сургуулийн профессор Даваасамбуугийн Ганмаа/

Мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаан, технологи нь хөгжлийн хамгийн зөв гарц хэмээн бодлого тодорхойлогчид үзэж буй. Тиймээс энэ чиглэлээр гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудыг бүх нөхцлөөр дэмжих, эргэж ирэхэд нь технологийн инкубатороор хангах ажлыг БСШУЯ-ны зүгээс хийж эхэлжээ. Тэдний бүтээхийг эрмэлзэж буй ирээдүй тийм  хол бишийг Харвардын их сургууль, MIT, Жон Хопкинсийн их сургууль, МакГиллийн их сургуулиас эхлэх дэлхийн шилдэг судалгааны төвд ажиллаж буй монголууд батална. Тэдгээрийн нэг нь Д.Ганмаа юм. Монголын АШУҮИС-ыг төгсөж, цэргийн эмчээр ажиллаж байсан тэрбээр докторын зэргээ Японд хамгаалсан аж. “Бидний өнөөдөр ууж буй сүү байгалийн төгс хоол биш ч байж мэднэ” хэмээн эхлэх түүний яриаг Harvard magazine-ын “Орчин үеийн сүү” нийтлэлээс уншиж болно. Тэрбээр сүүний чиглэлийн үнээнүүдийн гормон болон хэрэглэгчдийн эрүүл мэндийн харилцан хамаарал, Д аминдэмийн талаарх судалгаагаа докторын зэрэг хамгаалахаасаа эхэлсэн нь 10 гаруй жил буюу одоог хүртэл үргэлжилж байгаа юм. АНУ-ын эрүүл мэндийн судалгааны хамгийн том улсын байгууллага болох National Institutes of Health Д.Ганмаагийн төслийн багт 3.2 сая долларын санхүүжилт өгөхөөр болжээ. “Д аминдэмээр баяжуулсан сүү хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж буйг судлах” Д.Ганмаа багшийн төслийн хүрээнд эхний ээлжинд 10 мянган хүүхдийн Д аминдэмийн хэрэгцээг тогтвортой болгох юм. Хэдийгээр Монгол нарлаг орон ч Д аминдэмийг хангалттай авч чаддагүйг тэрбээр судалгаагаараа тогтоожээ. Мөн Д аминдэмийн дутагдлыг арилгаж чадвал үхэлд хүргэдэг 10 гол өвчний долоог нь бууруулах боломжтойг тэрбээр харуулахаар ажиллаж байна. 

分享这篇文章

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles