Виллиам де Рубрук, Плано Карпини нар Их Монгол улсын нийслэл Хархорин хотоор аялсан тэмдэглэлдээ дөрвөн төрлийн тансаг ундаа урсах, гайхам ур хийцтэй Мөнгөн модны тухай бичиж үлдээсэн байдаг. Тэрхүү урлагийн бүтээл болсон Мөнгөн модноос дарс, айраг, балын ундаа, шар айраг олгойдон урсдаг байжээ. Энэ түүх монголчууд эртнээс тансаг амттай, шимт ундааны өндөр соёлтой байсныг илтгэх буй за.
Нүүдэлчдийн өргөн дэлгэр хэрэглэж ирсэн хөлчүүрүүлэх ундаа бол шимийн архи юм. Монголчууд сархадаа монгол архи, нэрмэл архи, шимийн архи гэж нэрлэдэг бол барууны ертөнцөд сүүн архи, евроазийн нутагт арака, арха хэмээн нэрийддэг.
Архи урлах ба хүртэх уламжлал
Монгол шимийн архийг төрөл бүрийн малын сүүгээр боловсруулсан айргийг нэрэх замаар гаргаж авдаг бөгөөд бэлтгэх үйл явцыг бүхэлд нь “тогоо нэрэх” хэмээдэг. Шимийн архи нь сэтгэл санааг түвшитгэн тайвшруулж, хоол боловсруулах эрхтэн, үе мөчид сайн хийгээд дотор халууныг дарж тамир тэнхээг сайжруулдаг эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн. Эртнээс монголчууд халуун шим, хүйтэн шим хүртэхийн сацуу эмийн ургамалтай хольж тан бэлтгэн хэргэлдэг байжээ.
Халуун шим гэдэг нь архиа 40-45 хэмд сайтар халаасны дараа бага зэрэг хөргөж хэрэглэхийг хэлдэг. Халуун шимд шар тос эвсэл бурам, зөгийн балаар амтлан ууж болох бөгөөд хүнд махан хоол зооглохын өмнө хэргэлэхэд нэн тохиромжтой байдаг. Хүйтэн шим гэдэг нь 5-0 хэмд хөргөж хэрэглэхийг хэлэх бөгөөд хүйтэн шимийг зууш эсвэл халуун тогоо, халуун шөл зооглохын өмнө болон дараа хэрэглэвэл зохистой гэж үздэг. Монгол шимийн архи нь шинэхэн исгэсэн цагааны үл мэдэг исгэлэн, амтлаг амттай бөгөөд сэнгэнэсэн бага зэрэг цөцгийн зөөлөн үнэртэй байдаг.
Архи хүртэхтэй холбоотой ёс заншил
Эртнээс идээний дээж, онгод, бурхдын ундаа хэмээн хүндлэгдэж ирсэн сархадыг хүртэх хатуу жаяг, цээрийн дэг, гүн бэлгэдэлт ёс заншилтай байсан нь өнөө ч хадгалагдан үлджээ.
Сайн шимийн архи зөвхөн ёслол хүндэтгэлийн ширээнд залардаг ба аливаа хорыг устгах увдистай алт, мөнгөн аяганд сөгнөн барьдаг. Сархадыг өргөх эзэн нь тохой түшин барьж, хүртэх зочин нь суун амсдаг ёс бий.
Монголчууд эртнээс архи хэтрүүлэн хэргэлэхийг цээрлэж, хатуу цаазтай байжээ. Энэ тухай найман зууны тэртээ италийн аялагч Плано Карпини “монголчууд согтууруулах ундаа бага хэрэглэдэг, харин сархад хүртсэн нь хоорондоо нударга зөрүүлэх битгий хэл ам мурийдаггүй, ёс төртэй хэргэлдэг” байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг.
Шимийн архи хүртэхдээ гүйцэлдүүлдэг хамгийн өвөрмөц заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа “хөх тэнгэр амгалан байг”, “хөрст дэлхий амгалан байг”, “хүн зон амгалан байг” хэмээн ерөөж өргөдөг нь байгальтайгаа гүн шүтэлцээтэй орших нүүдэлчдийн сэтгэлгээний бэлэгдэлийг илэрхийлдэг. Гарын таван хуруу дотроос ядам хурууг хамгийн цэвэр гэж үздэг тул ядам хуруугаараа сэржим өргөдөг ёстой.
Сэржмийн домгийг сөхвөөс “Өндөр угсаат ноёдыг бүрэлгэхийн тулд өштөнүүд найр наадам хийж алтан хундагатай архи барьжээ. Өштөн дайснуудын далд санааг мэдсэн Ядам түшмэл уран арга ашиглан хортой архийг ихэс дээдсийн өмнөөс зүрхлэн тосон авч сэржим өргөтөл түүний хуруу зулран унасан гэдэг. Ийнхүү ихэс дээдсийг аварсан гарын таван хурууны дөрөв дэх хурууг Ядам хэмээн түшмэлийн нэрээр нэрийдэх болсон” хэмээн өгүүлжээ.
Шүүдрийн дусал хураах мэт хүнд хүчир хөдөлмөрийн үрээр бий болдог уламжлалт шимийн архийг ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр зохистой хүртэх нь мянганы түүхийн гүнээс өвлөгдсөн өв билээ. Тиймээс ёсыг дагаж сархадаа тогтоон барьж, таалан хүртэхийг зөвлөж байна.