Монгол гэдэг эртний нууцыг өөртөө хадгалсан гайхамшгийн орон. Монгол гэдэг асар баян түүх, уудам тал нутаг, эгэл агаад эрхэмсэг ард түмний өлгий нутаг. Монгол орон бусдын сэтгэлд хэрхэн үлдсэн бол? Монголд зочлох 8 шалтгааныг дэлхийн алдартнууд ийнхүү нэрлэжээ.
Нар мандахыг үзэх
“Монголын талд үүр цайх нь ер бусын үзэсгэлэнтэй. Түнэр харанхуйд тогтсон мэт бүдэгхэн зураас агшин зуурын төдийд тэнгэрийн хаяанаа зурайна. Тэгснээ мөнөөх зураас улам дээшлэн өргөсөх аж. Эгээ л аварга том гар тэнгэрээс доошлон дэлхийг бүрхсэн түнэр харанхуйн хөшгийг аажуухнаар сөхөж буй мэт.”
― Японы зохиолч Харүки Мураками
Сонгодог нүүдэлчдийн эх орон
“Монгол бол элсэн манхан нь долгиотон эгшиглэж, адуун сүрэг нь эрх дураараа бэлчээрлэдэг найрсаг дотно нүүдэлчин түмний онгон дагшин гайхамшигт нутаг. Аяллаа бүү чөдөрлө. Харин тааварлашгүйг хүлээ.”
― Lonely Planet Mongolia номын зохиогч Майкл Кон
Чингис хааны өлгий нутаг
“Чингис хаан өөртөө зориулан нэг ч хөшөө дурсгал, сүм хийд, орд өргөө барьж байсангүй. Бүр түүнийг бага балчир байхдаа ан гөрөө хийдэг байсан төрсөн нутгийнх нь алс буйд газар чанд нууцлалтайгаар нутаглуулсан гэдэг. “Бүтэн бие минь алжааваас алжаатугай, бүрэн улс минь бүү алдартугай” хэмээн Чингис хааны чинхүү захиж байсанчлан өнөөгийн оршин буй Монгол орон бол түүний мөнхөд гэрэлтэх хөшөө дурсгал нь билээ.”
― “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиогч Jack Weatherford
Сэтгэлд хоногшин үлдэх газар.
“Би өнөөг хүртэл Монгол оронд очиж байсангүй. Тиймээс Чингис хааны их цэргийн нэг нь байх ямар бол гэдгийг төсөөлөн Монголын тал хээр морин дэл дээр давхимаар байна.”
― АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон
Ер бусын эрх чөлөө
“Морьд эргэн тойрон эрх дураараа бэлчих авч хаашаа ч холддоггүй. Үнэхээр итгэмээргүй гээч. Америкт бол хаа л бол хаа, амьтад хашаан дотор хашигдсан байхыг харна. Харин Монголд хүмүүс хийгээд амьтад хоорондын хайр, энэрлийн ер бусын харилцаа буй мэт.”
― Оскарын шагналт жүжигчин Жулиа Робертс
Гэр шиг халуун дотно ард түмэн
“Талын нэг монгол гэрт зочлоход зочдыг найрсгаар угтан авдаг уламжлалын тухай та хэр их уншсан нь огт хамаагүй, гагц биеэрээ мэдэрч үзэх нь үнэхээр гайхамшигтай.”
— Walt Disney Imagineering компанийн дэд ерөнхийлөгч Жо Роде
Алтан шаргал говийн манхан
“Салхиар үүссэн тоо томшгүй нугачаа нь сүүдэртэж, үлгэрийн мэт энэ манхан дүнхийж харагдана. Элстэй ч цөл биш, өндөр ч уул биш эл сүрлэг манхан 300 метрээс дээш өндөртэй. Дээд ирмэг нь яг л хутганы ир мэт. Би түүнд хүрэх гэтэл метр хэртэй яваад л амьсгаадав. Дээшлэх бүр хөл минь нарийн элсэнд гүн шигдэж байлаа. Яг л аварга том элсэн цаг дотор явж байгаа мэт. Тэр дороо алга болж буй миний хөлийн мөр энэ нутагт яагаад хүний мөр үлдээгүйн учрыг тайлбарлах шиг.”
— Томас Б. Аллен, National Geographic
Онгон байгалийг мэдрүүлэх Монгол гэр
“Хэрэв бид даарвал, өрөөний халаагуураа асааж, эсвэл халууцвал агааржуулагчаа ажиллуулдаг. Хэрэв хоол хүнс дуусвал дэлгүүр рүү явдаг. Хэрэв бидэнд хэн нэгний тусламж хэрэг болбол хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст хандахад л болно. Харин энд чи байгаль дэлхийн нэгэн хэсэг байх агаад чи үүнд хэрхэн зохицохыг мэдэж байх хэрэгтэй. Ямар улиралд хэзээ, хэрхэн нүүхийг мэдэх хэрэгтэй. Нэг нэгэндээ тусалж саахалт айлдаа итгэнэ гэдэг хатуу ширүүн байгалийн хуулинд тэсэж үлдэхийн нэр юм болов уу. Нэг нэгнээсээ хамааралтай байх – энэ зүйл өрнийн соёлд хэдийн гээгдсэн зүйл.”