Монголоос авч болох өвөрмөц 10 бэлэг дурсгалын зүйл

Аялал жуулчлал, ажил хэргээр айлчилсан хэн ч бай тухайн орон нутгийн онцлог, хүн ардын өвөрмөц соёл, ахуйг илэрхийлсэн дурсгалын зүйлс эсвэл ойр дотнынхондоо бэлэглэх нандин бэлгийг нутаг буцахдаа авч явдаг. Харин сонголт хийх нь адармаатай явдал. Тиймээс Танд туслах зорилгоор хамгийн шилдэг, өвөрмөц арван бэлэг, дурсгалыг жагсаалаа. 

 

 

  1. Монгол хувцас.

    Эртний нүүдэлчдийн төрт улсын улбаа, дэлхийн түүхэнд томоохон эзэнт гүрнийг байгуулсан түүх нь дорнын нүүдэлчин язгууртнуудын уран тансаг, баялаг хувцасны соёлыг бидэнд өвлүүлсэн юм. Уламжлалт монгол хувцасны онцлогийг шингээсэн орчин үеийн олон брэндүүд бий бөгөөд Michel & Amazonka, Tuka Tailor, Rinchin Esui, Baba зэрэг алдартай брэндүүдийн коллекцийг та сонирхоорой. 

  2. Алт, мөнгөн урлал.

    Монголчууд нь дархны баялаг уламжлалтай. Та алт, мөнгө, зэс зэрэг эрхэм төмөрлөгөөр дархан хүний бурхан ухаан шингээн бүтээсэн урлагийн бүтээл мэт гар урлалыг сонгон авч бэлэг дурсгал болгохын сацуу өдөр тутмын амьдралдаа ч хэрэглэх боломжтой. Монголчуудын дунд ихэд түгээмэл өвөрмөц хийцлэлтэй мөнгөн аяганаас эхлээд эмэгтэй хүний уран гоёл чимэглэл зэрэг өргөн сонголт бий.
     
  3. Хөөрөг.

    Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндлэх хэлбэр бол хөөрөг солилцох юм. Монгол хөөрөг нь хэлбэр, хийцлэл, материалаараа бусдаас онцгой. Айлчин гийчинтэй хөөрөг солилцох нь хүндэтгэлийн шинж бөгөөд эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй илрэл юм. Хөөрөг зөрүүлэх монгол ёс заншлыг суралцаж аваад гэртээ айлчилсан зочидтойгоо хөөрөг зөрүүлбэл сайхан хэрэг биш гэж үү?

  4. Ноолууран бүтээгдэхүүн.

    Монгол ямааны нарийн ширхэгтэй, гялалзах чадвар өндөртэй, зөөлөн тансаг ноолуур дэлхийд алдартай. Дэлхийд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Говь, Гоёо зэрэг чанартай, загвар, өнгө хийцийн өргөн сонголттой брэндүүд үнийн хувьд ч харьцангуй хямд буй. Ноолуураас гадна хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хийсэн гоёмсог бүтээгдэхүүнийг мөн сонирхоорой.

  5. Монгол архи.

    Монголчууд эртнээс архийг хүндэтгэлийн ундаа хэмээн эрхэмлэж ирсэн. Тиймээс хүндэт зочиндоо дээжлэн өгөхөөс гадна бэлэг болгон барих нь түгээмэл. Үндэсний томоохон үйлдвэрлэгч АПУ ХК-ийн Монгол өв уламжлал шингээж Chinggis Khan, Soyombo, Eden, Evok зэрэг шилмэл соортын буудай, цэнгэг байгалийн ус, үнэт чулуун шүүлтүүрээр шүүсэн зөөлөн амттай монгол архийг дотнын хүндээ бэлэг болгон барьж эсвэл аяллын тухай дурсамж, сэтгэгдлээ хуваалцан дотнын хүмүүстэйгээ хамт хүртээрэй. АПУ ХК-ийн тэргүүн бүтээгдэхүүнүүдийг та өөрийн улс орны дэлгүүр, цахим худалдааны сайтуудаас ч худалдан авах боломжтой.

  6. Арьс арчилгааны органик бүтээгдэхүүн.

    Эртний мэдлэг, мянганы уламжлал, орчин үеийн технологийг хослуулан зэрлэг жимс жимсгэнэ, эмийн гаралтай ховор нандин ургамал, малын гаралтай тос зэргийг ашиглан бүтээсэн ховор нандин органик арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг МОЙЛ, LHAMOUR зэрэг брэндийн дэлгүүрээр та заавал зочлоорой! Бие сэтгэл сэргээхийн сацуу эмчилгээний журмаар ч өргөн ашиглах боломжтой олон зүйлс бий. 

  7. Уран хатгамал.

    Өнгө өнгөөр солонгорох үзэмж төгөлдөр хатгамал хивс, ширээний бүтээлэг, дэрний уут, гар цүнх, түрийвч зэрэг гар урлалын гоёмсог бүтээгдэхүүнүүдийг та Монголоос авах боломжтой. Нүүдэлчин монголчуудын уламжлалт хэв маягаас гадна казак үндэсний хэв маяг бүхий баруун Монголын уран үйлчдийн гараар бүтээсэн аутентик бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээрэй!

  8. Эсгий эдлэл.

    Монголчууд эртнээс эсгий бэлтгэж, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн. Уламжлалт сууц болох гэрээ нүүдэлчид олон мянганы тэртээгээс эсгийгээр бүрж ирсэн түүхтэй. Харин өнөөдөр эсгийгээр ширмэл ширдэг, гэрийн шаахай, тэмдэглэлийн дэвтрийн хавтас, түрийвч, зөөврийн компьютерын цүнх, гэр, эсгий хүүхэлдэй, эсгий зураг зэрэг маш олон хэрэглээний болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг гар урчууд бүтээх болсон. Эсгий урлалаараа алдартай Хөсөг, Дэгжин гоо, Go&Go, Esegi, Бог зэрэг брэндүүд бий. 
  9. Арьсан урлал.

    Монголчууд эртнээс малын гол бүтээгдэхүүний нэг арьсан урлалаараа бахархдаг. Та арьсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээс гадна Монголчуудын бүтээсэн гутал, аксессуаруудыг бэлгэнд баривал өвөрмөц бэлэг болж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Арьсан урлалаараа алдартай Aragont Leather Art Studio, LIVON, LeMon, MR, Choice зэрэг брэндүүд бий.

  10. Монгол хөгжим.

    Та маш эртний баялаг түүхтэй, нэн орчин үеийн хэв маягтай монгол хөгжим аялгууг эх нутагтаа заавал аваачиж дуурсгаарай. Монгол хөөмий, морин хуурын давтагдашгүй аялгуу, Монгол сонгодог уртын дуу болон уламжлал орчин үеийн хослол болсон олон гайхамшигтай хамтлагуудын дуу хөгжмийг бусадтай хуваалцаарай! Бид танд Монголын нэрийн хуудас болсон Морин хуурын чуулга, Billboard болон iTunes chart-ыг тэргүүлсэн “The Hu” хүннү рок хамтлаг, Грэммид нэр дэвшсэн “Арга билэг” этно-жазз хамтлаг, домогт уртын дуучин Н.Норовбанзад, гайхамшигтай ятгач Ч.Мөнх-Эрдэнийн бүтээлүүд болон Монгол чилл аут урсгалын “Ертөнц”, “Байгаль” цомгуудыг санал болгож байна. 

 

Мэдээж маш олон сонирхолтой бүтээгдэхүүнүүд, амттан, бэлэг дурсгалын зүйлсийг Монголоос та олж авах боломжтой. Харин бид айлчин жуулчдаар шалгарсан бэлэг дурсгал болон төдийлөн түгж чадаагүй ч маш сонирхолтой өвөрмөц бүтээгдэхүүнүүдийг энэхүү жагсаалтад багтаалаа. 

Гэвч аяллаас авч явах ёстой хамгийн чухал бэлэг бол гайхалтай дурсамж, ярих түүх, хуваалцах сэтгэгдлүүд билээ. Монголд тавтай морилно уу!

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles