Гэрэл зурагчин Б.Бат-оргил гэрэл зургаар дамжуулан өөрийн бодол санаа, дотоод ертөнцөө илэрхийлэх, энэ цаг үеээ хойч үедээ өвлүүлэх хүсэлтэй, өвөрмөц ертөнц, тууштай үзэл бодолтой авьяаслаг уран бүтээлч билээ.
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот тухайн үедээ дэлхийн нийслэл хэмээн нэрлэгдсэн Метрополис хот байв. Монголчууд бидний байгуулсан тэр л метрополис хотоос улбаалан энэхүү төслийн үүдэл санааг олж авчээ.
Түүний “Metro Metropolis Metrosexual” баримтат гэрэл зургийн төсөл нь 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. “Metro Metropolis Metrosexual” баримтат гэрэл зургийн төсөл дэлхийд буй хэдхэн Метрополис хотуудыг сурвалжилж баримтжуулан үлдээж хойч үедээ гэрэл зургийн архив үүсгэх зорилготой юм. Төслийн хүрээнд одоогоор ОХУ, БНХАУ, Беларусь зэрэг орнуудын метрополис хотуудыг дурандаа буулгаад байна. “Мetro Metrosexual” гэх нэрийг хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ахуйн соёл уламжлал, тэр дундаа тухайн улсын үндэстний онцлог хийгээд орчин үед хурдацтай хөгжиж буй техник технологи болон хүмүүсийн оюун санааны эрх чөлөөг харуулахыг зорьж өгчээ.